Ж.Алтанцэцэгийн хуучин хуур эзэндээ эргэж иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

“Би их илэн далангүй, нээлттэй хүн. Ямар ч үед өөрийнхөөрөө байдаг болохоор надад нууж хаагаад байх юм алга” гэж өөртөө дүгнэлт өгсөн хүн бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. 2009 онд төрсөн өдрөөрөө нөхрөөсөө бэлгэнд авсан “Prosounds” студиэ амжилттай ажиллуулж яваа тэрбээр өдгөө “Жаргалан” хотхонд уран бүтээлчидтэйгээ бужигнаж буй.

Ажлынхаа өрөөнд авсан шагнал, гаргасан цомгоо таван өнгийн хадагтай хамт урлагийн бурхан Янжинлхамын дэргэд залсан дуучин бүсгүй нэгэн сонирхолтой түүхийг хуучилсан юм. Тэрбээр анх дуучин болж байх үедээ “On & Off” продакшны аранжировшик С.Халиунаас хуучны төгөлдөр хуур худалдаж авчээ. Гэвч уран бүтээлийн явц, амьдралын өөрчлөлтөөс хамааран ийш тийшээ нүүж явахдаа ихэд төвөгшөөн мөнөөх хуураа нэгэн найзынхаа эхнэрт бэлэглэсэн аж.

Ингэж явсаар нэлээд хэдэн жилийн дараа буюу рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, “Prosounds” студиэ байгуулах үед мөнөөх хуур нь эзэндээ эргээд ирсэн гэнэ. Тухайлбал, мөнөөх бүсгүйн нөхөр буюу Ж.Алтанцэцэгийн уран бүтээлийн анд нь уг студийн нэг өрөөнд байрлахаар болсон бөгөөд ийн нүүж ирэхдээ эртний дурсамжтай төгөлдөр хуурыг нь авчирсан юм байх.

Энэ тухайгаа дурссан дуучин бүсгүй “Би угаасаа гоё чамин юманд их дуртай л даа. Гэхдээ энэ хуур энгийн мэт харагдаж байгаа боловч цаанаа л уран тансаг хийцтэй, нандин дурсамж агуулсан санагддаг. Тийм ч учраас би энэ хуураа хайрладаг юм” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.18.9) 2025 оны 03 сарын 13

Amjilt xvsie Vnexeer goe toglolt xiisen shvv

1  |  0
Top