“Үггүй хайр”, “Хайрын өнгө”, “Амин нүдэн”, “Мөнхийн хайр” зэрэг олон сайхан дуугаараа сонсогч түмэндээ танигдсан дуучин Ч.Амаржаргал гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа билээ. Хорвоог харах хувьгүй төрсөндөө гутарч шаналалгүй, уянгалаг сайхан дуунуудаар сэтгэлээ хөглөж ирсэн энэ сайхан эмэгтэй өдгөө халамжтай хань, хоёр охиныхоо хайр энэрэлийг мэдэрч яваа. Урын сандаа 200 гаруй дуутай гэх түүний анхны бие даасан цомгийг гавьяат жүжигчин С.Жавхлан ивээн тэтгэсэн гэдэг.
Дуучин Ч.Амаржаргалын хувьд, өмнө нь нэлээд хэдэн тоглолт хийж байсан туршлагатай нэгэн. Харин хамгийн сүүлд хийсэн тоглолтынхоо тайзнаа “Нартад ганцхан ээждээ” дуугаа сонирхуулсан нь олон хүнийг уярааж, уйлуулсан билээ. Тэрбээр энэхүү дуундаа хорвоод тээж төрүүлсэн ээжийгээ ганц удаа ч болов харахсан гэж хүсч явдгаа өгүүлсэн учраас тэр.
Уянгалаг хоолойтой уяхан дуучны хувьд, сэтгэлд нь хөглөгдсөн аялгууг тэр дор нь цаасан дээр буулгадаг зуршилтай гэдэг юм билээ. “Би дууны ая зохиох гэж хичээдэггүй. Зүгээр л сэтгэлээс минь урсч гарсан тэр эгшгийг шүлгээрээ хөглөдөг” хэмээн дурссан гавьяат жүжигчин маань рок поп, нийтийн дуучдын олонд хүргэсэн хит дуунуудыг зохиосон гэдгээрээ мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг.

Сэтгэгдэл ( 0 )