Д.Батцогт: Ерөнхий сайд, салбарын сайд зөрүүтэй бодлого баримтлаад байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

УИХ-ын гишүүн Д.Батцогтоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-МҮАН-ынхан “Шударга ёс” эвслээс болон Засгийн газраас гарахаар болсон?
-М.Энхсайхан дарга телевизээр ярилцлага өгөхдөө шинэчлэлийн Засгийн газрыг зөв бодлого явуулж, бондын мөнгөнд хариуцлагатай хандаасай гэдэг байр сууринаас хандаж байгаагаа хэлсэн. Бидний хувьд ч ийм саналтай байгаа. Ер нь эвслийн Засгийн газрыг дэмжээд явж байгаа. Хэрвээ үндэсний эрх ашгийг умартаад, бондын мөнгийг үрэн таран хийж, салхинд хийсгэх чиглэл рүү явах юм бол бид бодлогоо эргэж харна гэсэн асуудлыг ярьсан. Түүнээс биш МҮАН засгаас гарна гэсэн мэдэгдэл хийгээгүй. Ер нь төмөр замын бодлоготой холбоотой гаргасан салбарын сайдын шийдвэр. М.Энхсайхан дарга ажлаасаа гэнэт халагдсан явдал зэрэг энэ бүх зүйл юутай холбоотой вэ гэвэл Ерөнхий сайдаасаа зөрөн байж, салбарын сайд нь дур мэдэн шийдвэр гаргадаг явдал байгаа юм. Тиймээс салбарын сайдын буруу байна уу гэдгийг эцэслэн тогтоож байж ярья л гэж байна. Манай намын Бүгд хурлын гишүүд “Ийм асуудал болж байхад УИХ-ын гишүүд мэдээллээ хоорондоо ярьчихаад, бидэнд өгөхгүй байна. Тиймээс Бүгд их хурлыг хуралдуулж, энэ асуудлыг тусгайлан ярилцаж” гэсэн юм билээ.

-Бүгд их хурлаараа Засгийн газраа
с гарахаа ярилцах нь ээ?

- Бүгд хурлаараа нөхцөл байдлаа ярилцана. Яг юу болсон талаар М.Энхсайхан даргын мэдээллийг сонсоно. Тэгээд тал талаасаа нийлж байгаа асуудлаа хэлэлцье гэж байна. Түүнээс бол Засгийн газраас гарна гэсэн зүйл байхгүй байна.

-Хувь гишүүнийхээ хувьд намынхаа даргын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайд, салбарын сайд нар өөрсдөө зөрүүтэй бодлого баримтлаад байгаа юм шиг бодогдож байгаа. Өөрөөр хэлбэл ийм зүйл байгаа гэж сонссон. Ерөнхий сайдаасаа зөрүүтэй бодолтой байна гэдэг танхимын зарчим алдагдаж байгаа хэрэг. М.Энхсайхан дарга анх ажилд орохдоо Ерөнхий сайдтай зөвшилцсөн. Ажлаас гаргахад Ерөнхий сайдад дуулгадаггүй, мэдэгддэггүй байж таарахгүй. Энэ бол буруу. Ерөнхий сайд хувийн компанийнхаа шийдвэрийг гаргаж байгаа юм шиг аяглаж, аашилж байгаа нь зүйд нийцэхгүй. Төрийн бодлого эрэмбэ, дараатай байх ёстой гэдэг бодлого барьж байгаа. Шаардлагатай бол салбарын сайд хариуцаж болохгүй зүйл байхгүй шүү дээ.
- УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд найман удаа ирц бүрдүүлээгүй бол бүлгийг татан буулгана заалт байгаа. Үүнийг дэмжиж байгаа юу?
-Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Анх хуулийн төслийг санаачлагч дээр өөр механизм явж байсан. Хувь хүнийг хариуцлага тооцуулах зөв заалт байсан юм. Харин сүүлд нь найман удаа 50 хувиас дээш удаа ирц бүрдүүлээгүй бол бүлгийг тараана гэсэн ийм зүйл яригдсан. Ард түмний саналаар байгуулагдсан УИХ, өөрөөр хэлбэл “Шударга ёс” эвсэл, МАН-ыг бүлэгтэй байх ёстой гэж саналаа өгсөн. Үүгээр байгуулагдсан бүлэг тийм амархан тарахгүй байх гэж бодож байна. Энэ хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Юу болохыг нь харъя.

-Гишүүдийг хурууныхаа хээгээр саналаа өгдөг болгое гэдэгт ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол байж болох асуудал. Би үүнийг дэмжиж байгаа. Гишүүдий халдашгүй байдал, бүрэн эрхт байдлаар саналаа өгдөг байх ёстой. Тэгэхээр хариуцлагатай, чуулгандаа идэвхтэй оролцож саналаа яг өөрийн гараар өгч байна гэдэг зарчим хамгийн зөв.

- Тодруулга өгсөн танд баярлалаа.

 

А.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top