Шадар сайдын стандартын чиглэлд ажилласнаа тайлагналаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

 

Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартчилал хэмжил зүйн газар болон 14 яам, гурван агентлагаас төлөөлөл оролцсон баг өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартад шалгалт хийжээ. Шалгалтын дүнд 6200 гаруй стандарт байгааг тогтоож, үүнээс 300 гаруй стандарт шаардлага хангахгүй болохыг тогтоосон аж.  Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын төвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаснаа ажлын хэсгийнхэн өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвад танилцууллаа.

Улсын үзлэгийн төв комиссын дарга бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва  салбар комиссын гишүүдэд хандан “Стандарт нь дэлхийн болоод улс орны  хөгжлийн гол  түлхүүр болдог. Стандарт хийнэ, боловсруулна гэдэг нь зөвхөн стандартын байгууллагын ажил мэтээр ханддаг хандлага энэ үзлэгийн  үр дүнд өөрчлөгдөж тухайн салбар стандартаар дамжуулан төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний эрүүл мэнд байгаль орчин, аюулгүй байдлыг хамгаалахад хичнээн чухал баримт бичиг болохыг бүгд ойлгож авсан учраас цаашдаа  стандартаар  удирдаж ажлаа явуулах болно.  Үзлэг эхлэхэд анхны хурал дээр цаг хугацаа урт тавих гэхээсээ илүү, ажлаа зөв зохион байгуулаад явбал сарын хугацаа гэдэг  бол бас их хугацаа гэж би хэлж байлаа. Комиссын гишүүд  та бүхэн хүчин чармайлт гаргаж ажилласны хүчинд дөрвөн сард дуусах байсныг богино хугацаанд амжилттай дуусгалаа” гэж хэллээ.

 Үзлэгт хамрагдсан нийт стандартын 44,5 хувь буюу 2762 стандартын  шинжлэх ухааны техникийн өнөөгийн түвшин  олон улс, бүс нутаг, гадаад орны түвшинд хүрсэн бол 1821  стандартыг дахин  шинэчлэх, 833  стандартыг шинээр боловсруулах үндэслэлийг тусгасан жагсаалтыг гаргасан байна. Үзлэгийн төв комисс 23 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд нь салбар яамдын төрийн нарийн бичгийн дарга  болон мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагыг төлөөлсөн 52 салбар комиссоос бүрдсэн 600 гаруй мэргэжилтнүүд  ажиллажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top