Сүүлийн үед МҮАН Засгаас газраас гарах тухай нэлээд ярих боллоо. Тус намынхны зүгээс шинийн 8-нд багтааж намын Бүгд хурлаараа энэ асуудлыг шийдэх тухай тайлбар өгсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос дараахи асуултад хариулт авлаа.
-МҮАН Засгийн газраас гарах асуудал яригдах боллоо. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-МҮАН Засгаас гарна гэсэн асуудал яг албан ёсоор яриагүй. МҮАН-ын дарга М.Энхсайхан болон төмөр замын асуудалтай холбогдуулаад шуугиан дэгдээд байгаа. Миний хувьд одоогийн яригдаад байгаа “Шударга ёс” эвслийг задлах, эсвэл Засгийн газрыг өөрчлөх шалтаг шалтгаан болохгүй байх гэж үзэж байна.
-М.Энхсайхан даргын хувьд төмөр замын асуудлуудтай холбоотой байр сууриа олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулсан илэрхийлсээр л байна. Жишээ нь, Шинэчлэлийн гэх Засгийн газрыг маш их шүүмжилж байгаа. Эндээс харахад ч гэсэн Засгаас гарах ажиллагаагаа эхлүүлчихлээ гэсэн хардлага төрөхөөр байна?
-Нэгэнт байгуулагдсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй байдаг. Ер нь сүүлийн 20-оод жил хэтэрхий олон Засгийн газар солигдсон. Тэр нь тухайн Засгийн газар болоод улстөрчдөд сайн зүйл авчраагүй. Сайн ч бай, муу ч бай нэг баг байгуулагдаж ажиллаж эхлэх гэж байтал Засгийн газар нь задарчихдаг. Өнгөрсөн 20 жилд дөрвөн жил Ерөнхий сайд хийсэн хүн тоотой л байна шүү дээ. Миний бодлоор нэг Ерөнхий сайд 4-8 жил тогтвортой ажилласан бол монголын өнөөгийн хөгжил шал өөр байгаа. Хорин жилд дөрвөөр бодоход гуравхан Ерөнхий сайд л ажиллсан байж болохоор шүү дээ. Гэтэл хойд урд хөршүүдээр жишээ авахад энэ 20 жилд удирдлагууд нь маш цөөхөн солигдсон. Тийм ч учраас улс орон нь биднээс илүү хурдан илүү сайн, цэгцтэй хөгжөөд яваад байгаа. Одоо манайхны бие биеэ бужигнуулдаг улс төр үеэ өнгөрөөсөн байх. Засгийн газар үнэхээр тодорхой хугацаанд ажиллаад буруу зөрүү зүйл хийгээд байгаа бол сольж болно. Гэхдээ одоогийн Засгийн газар байгуулагдаад хагас жилд болоогүй байхад дүгнэх нь арай эрт байна. Тэд нэг их зарчмын том алдаа гаргаагүй байх.
-М.Энхсайхан даргын ажлаас халагдсан асуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Тэр бол аль аль талаасаа түргэдсэн байж болох. Яг одоо бодитой мөнгө алдагдаад, тодорхой шийдвэр нь гарчихаад байгаа юм алга. Онолын хувьд нэг нь барина, нөгөө нь барьвал баларна гээд амаар л маргалдаж байгаа. Үүнээс үүдээд нэг нь улсын мөнгийг шамшигдуулсан, шамшигдах гээд байсан мөнгийг нэг аварчихлаа гэсэн юм алга. Тэгэхээр энэ бол концевци, бодлогын маргаан гэхээсээ илүү хувь хүмүүсийн дунд л явж байгаа. Энэ маргаанаас болоод эвсэл задрах, эсвэл ямар нэгэн улс төрийн хүчин Засгаас гарах шалтгаан байхгүй л гэж үзэж байна.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )