Яруу найрагч Н.Баянмөнх, уран бичээч, зураач, калиграфич В.Баатарчулуун нар хамтарч “Говьшанхын нутаг” хэмээх сайхан ном бүтээжээ. Энэ ном нь зөвхөн шүлгийнх биш бөгөөд Н.Баянмөнхийн 41 дууны шүлгийг В.Баатарчулуун уран бичгээр бичиж, зарим нэгийг нь зургаар чимжээ. Ингэснээр монгол бичгээ сурталчилж буй нэг хэлбэрийг тэд гүйцэтгэж байна гэж хэлж болно. Тэдэнтэй ийнхүү ярилцлаа.
-Сайхан бүтээл болж. Би та хоёртой утсаар холбогдоход ном гэж бодож байлаа. Гэтэл одоо харах нь ээ цомог гэмээр ч юм шиг. Та хоёр юу гэж нэрлэж байгаа вэ?
-Ном гэж нэрлэнэ. Бас цомог. Монголчууд бид эхлээд номондоо дараа нь аав, ээж, эх орондоо мөргөе гэдэг. Номын гүн ухаанд Чой тамжид гэж нэрлэгдсэн зүйл байдаг. Үүнийг манайхан ойлгохдоо “Ном” гэж ойлгоод байгаа. Уг нь энэ үг “Хамаг юм” гэсэн утгатай. Хамаг юмыг ном багтааж байдаг болохоор бидний бүтээсэн энэ зүйлийг чой гэж ойлгох хэрэгтэй.
-Номонд олон дуу, клиптэйгээ багтсан байна. Дандаа сүүлийн үеийн уран бүтээл болов уу гэтэл бас биш ээ?
-2000 оноос хойших миний зохиосон нийтийн дуу багтсан. Үзэгч, сонсогчид клипийг нь үзээд тэр үеэс өнөөг хүртэл Монголын урлагийн нэгээхэн хэсэг хэрхэн өөрчлөгдсөнийг мэдрэх боломжтой. Тухайн үед клип нь хэрхэн хийгдэж байсан, хөгжмийн найруулга нь яаж хувьссаныг анзаарч болно. Мөн Монголын уран бичигдийн томоохон төлөөлөл В.Баатарчулуун ахын бүтээл ч илтгэнэ.
-Та хоёр өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?
-Хамтарч байсан. 2005 онд манай гэр бүлийн хүн Б.Энхмэнд, дуучин Г.Чинболор нарын хамтарсан бие даасан анхны “Хайрын орчлон” нэртэй тайлан тоглолт болсон юм. Тэр тоглолтыг би найруулахдаа гар бие оролцсон хүмүүст юу өгч дурсгал болгох вэ гэж нэлээд бодсон. Зарим дуучин тийм их үүрэг гүйцэтгэсэн хүмүүстээ өөрийн цомгоо эсвэл аль нэг дэлгүүрт зарагдаж байгаа сувинер өгдөг. Миний хувьд тэдэнд үнэ цэнэтэй бүтээл өгье гэж бодогдсон. Гэхдээ үнэ мөнгөндөө гол нь биш, хамгийн гол нь утга агуулгатай байх ёстой. Үүнийгээ В.Баатарчулуун ахад хэлж Б.Энхмэнд, Г.Чинболор нарын 30 гаруй бүтээлийн нэрийг тоглолтын нэртэй нь хамт уран бичгээр бичүүлж гардуулсан. Одоо ч аль нэг телевиз юм уу, найзуудынхаа гэрт ороход тэр дурсгал хүндтэй байр эзэлж хананд нь залагдсан байдаг. Үүнээс харахад би зөв сонголт хийж дээ гэж боддог. Би анх В.Баатарчулуун ахад санаагаа хэлчихээд жаазтай зураг шиг зүйл болох болов уу гэж бодож байсан. Гэтэл тэс өөр хувилж эвхэгддэг болгосон байсан. Дээд, доод хэсэгтээ тогтоогчтой болохоор хананд байрлуулахад ч амар. Түүнээс хойш бид олон уран бүтээлд хамтарч ажилласан. Ер нь уран бүтээлчдийн хувьд цаг хугацаа, орон зай, нас үл хамаардаг. Яг ийм тохироо бидэнд нийлсэн.
-Энэ номыг хийх санааг хэрхэн олов?
-Намайг жил гаруйн өмнө В.Баатарчулуун ахын урлангаар ороход тэр В.Инжинашийн “Цагаан үүл” шүлгийг монгол бичгээр жигтэйхэн сайхан бичсэн байсан. Хэд хоногийн дараа дахиад очтол Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлгийг бичсэн байгаа харагдсан. Тэр үеэс л надад ийм ном хийх санаа төрсөн. Миний бүтээл энэ номонд орохоос гадна монгол бичгээр бичигдэж олонд хүрвэл зөвхөн манай улс төдийгүй Монгол туургатнууд шүлгийг нь уншиж, мэдрэх боломжтой болж байгаа юм. Хэрвээ криллээр бичээд хэвлүүлчихвэл ялангуяа Өвөр монголчууд танихгүй хүн харж байгаа юм шиг болдог. Ном бол баялаг шийдэлтэй байх ёстой. Тиймээс хүмүүсийн сонсох дуртай дууг эхний хугацаанд багтаах ёстойгоос гадна үзэх дуртай клипүүдийг нь оруулъя. Мөн калиграфиар бичвэл ном улам чимэглэгдээд явчихаж байгаа юм.
-Загварын хувьд бас ч нэг их нийтлэг төрхтэй харагдахгүй байна?
-Үүнийг гаргах гэж бид хоёр Улаанбаатар хотын номын дэлгүүрийг бараг дуусгасан даа. Дэлгүүрт зарагдаж байгаа номуудын өнгө төрх, дизайныг судалсан. Тэр ч бүү хэл Бээжингийн хамгийн үнэ цэнэтэй ном зарагддаг дэлгүүрээр нь ч орсон. Бид ямар ч хамаагүй дизайнтайгаар номоо гаргаж болно. Гэхдээ ядаж Монголынхоо уран бүтээлчдийн ном, цомгоос шинэлэг загвартай, ямар ч номын дэлгүүрт хүндтэй байр суурийг нь эзэлдэг бүтээл гаргахыг чухалчилсан. Тэгвэл хожим хойно үр хойч маань биднийг ямар зүйл хийж бүтээснийг харах юм.
-Та олон дуунаасаа сонголт хийх гэж нэлээд юм болсон биз?
-Эхлээд хүмүүсийг энэ дууг л сонсох байх гэснийг сонгосон. Дараа нь В.Баатарчулуун ахад сонсгож “Та энэ дуунуудын алинд нь уран бичлэгийнхээ татлагыг гаргамаар байна” гэж асуусан. Тэгээд В.Баатарчулуун ахын сонгосон дууг найзууд, хамж ажилладаг хүмүүс, шавь нартаа ч бас сонсгосон. Тэгж л тэднийхээ сонголтын дагуу дуугаа бүрдүүлсэн. Тэгээд ч миний дууны шүлгэнд дутагдаж байсан нэг зүйл бол уран бичлэг байсан. Үүнийг В.Баатарчулуун ах гүйцэлдүүлж өгсөнд маш их талархаж байна.
-Ном хэвлэгдсэний дараа энэ дууг оруулчих юмсан гэсэн бодол төрөв үү?
-Байгаа. Гэхдээ номын эх бэлтгэл дууссаны дараа зайлшгүй оруулах ёстой нэг дуу үлдсэн байсныг санаж багтаасан. Яаж санав гэхээр би номын эх бэлтгэл дууссаны дараа төрсөн нутаг Дундговь аймгийн Хулд сум руу явсан юм. Энэ суманд Өгөөдэй хаан байсан гэдэг. Хулдын уулын баруун талд Хулан уул гэж бий. Өгөөдэй хааны үед тэр нутагт газар хөдөлж байгаа юм шиг хулан бэлчдэг байсан болохоор тэгж нэрлэсэн гэсэн. Тэр уулыг хараад “Хулдын цэнхэр нутаг” нэртэй дуугаа оруулахаа мартсанаа санасан юм. Ингээд 40 дуу орох байснаа 41 болгосон.
-Гэвч номын тань нэрний учрыг асуухаа мартах шахлаа. Яагаад “Говь шанхын нутаг” гэж нэрлэсэн юм бэ?
-Энэ их учиртай. Би өмнө нь “Бодол шиг өдрүүд” гээд нэрлэчихсэн байсан. Эх бэлтгэл нь ч гарчихлаа. Гэтэл В.Баатарчулуун ах нэг л таагүй харж байна. Тэгэхээр нь би “Говь шанхын нутаг” гэвэл ямар байна гэсэн чинь дуртай хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид хоёр ярилцахдаа Шанхын нуруу гэдэг бол Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Баян-Овоо сумын нутагт багтдаг газар. Тэр нутагт Тавантолгой, Оюутолгойн уурхай бий болсон. Хүмүүс тэр уурхайгаас эрдэнэсийг нь ухаж аваад ард түмнээ тэжээж байна гэж ойлгодог. Харин бид хоёр тэгж ойлгодоггүй. Говь шанхын нутагт төрж өссөн хүмүүс эрдэм боловсролтой, ур ухаантай, түүгээрээ өөрийгөө хөгжүүлж эх орноо авч явах ёстой юм. Тиймээс газар нутгаа сэндийлж амьдрах биш дотоод ертөнцөө хөгжүүлж амьдрах ёстой гэдгийг илтгэх гэж энэ нэрийг сонгосон. Биднийг Дундговь аймгийн хүмүүс байж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг нутгаар яагаад нэрлэсэн юм бол гэж зарим хүн бодож магадгүй. Учир нь энэ нутагт ээж маань төрсөн. Одоо л хоёр хувааж өөр өөр нэр өгсөн болохоос биш Дундговь, Өмнөговь аймаг нэг газар нутаг байсан.
-Номын нээлт хэзээ хаана болох вэ?
-Одоогоор бэлтгэл ажил явагдаж байна. Ирэх сарын эхээр нийслэлдээ нээнэ. Мөн ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод ч хийхээр болсон. Үүний дараа монгол туургатан хаана байна тэнд номоо хүргэнэ. Солонгос, Япон, АНУ, Ирланд, Англид суугаа монголчууддаа ч барина.
-Энэ олон улсад хүргэхэд нэлээд олон тоогоор хэвлэгдэж таарна. Одоогоор хэдийг хэвлэв?
-Бидэнд сэтгэл маш их байна. Эхний хугацаанд элэг нэгт түмэндээ хүргэхээр 1000 ширхэг хэвлүүлсэн. Хэвлүүлээд аваад иртэл байршуулах газар ч байхгүй болохоор бас асуудал боллоо. Гэхдээ найзуудын буянаар болгосоон.
-1000 ширхэг ном хэдэн тонн болж байна вэ?
-Гурван тонн. Энэ номыг хэвлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг нь миний ээж гавьяат багш А.Бадамгарав. Ээж маань бүх шүлгийг монгол бичигт хөрвүүлэх ажлыг нугалсан. Мөн “Гурван эрдэнэ” дээд сургуулийн сургалтын албаны дарга Хашцэцэг бий. Эх бэлтгэлийг “Үзэмж төгс” урлагийн эх бэлтгэгч Ундармаа гүйцэтгэсэн. Дизайны талд ӨМӨЗО-ны “Тэнгэр тал” компанид эх бэлтгэгчээр манай нутгийн залуу Төрмөнх ажилладаг. Түүгээр ч хийлгэсэн.
-Нийт зардал нь хэд болж байна вэ?
-Тэрийг хэлээд яах вэ. Бидэнд өнгө мөнгө нь биш, бүтээлийн үнэ цэнэ чухал. Ивээн тэтгэгчээр өөрсдөө ажилласан. Төлөвлөснөөс илүү өртөг гарсан. Өнөөдөр худалдаанд гарна. Нэг нь 70 мянган төгрөгийн үнэтэй зарагдана.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн хувьд?
-Бас л бид хоёр хамтарч ажиллаж байгаа. “Хурдан морьтын борууд” нэртэй дуу хийж байгаа. Аяыг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр бичиж дуучин Э.Төрмандах өлгийдсөн юм. Миний чадах юм шүлэг бичиж, дуу болгон нутагтаа клипнийх нь зургийг хийлгэх. Нагац өвөөг маань хурдан морьт Ж.Авирмэд гэж 86 настай хүн бий. Хүүхдүүд нь Мааманхүү, Ганболд гэж мөн л алдарт уяачид. Тэд болон дээд үеийнхэн маань олон хурдан морьтой өвөгчүүд байсан. Одоо ч тэр хүлгүүдийнх нь удам тасраагүй улс болон аймаг, сумынхаа наадамд айраг, түрүү авч байгаа. Энэ сайхан өвөгчүүдийнхээ тухай дуу хийхгүй бол алдас болох байлгүй. Дууны өнгө аяс нь ардын дуу шиг. Тиймээс В.Баатарчулуун ахаар өвөгчүүдийнхээ фото зургийг үзүүлж уяа морьдынхоо хажууд сууж байгаагаар зургийг нь зуруулсан. Шүлэг нь
....Хурд нь сайхан уянгалаад ирэхээр
Хултай айраг нь цалгилнам зээ
Шагай шиг борууд магнайлаад ирэхээр
Шанхайн уулс нь өндөлзнөм зээ..... гэж бичсэн. Өвөө маань ирэх өвөл ирж, сар шинэ өнгөрөнгүүт нутаг явна. Ирэхээр нь үзүүлэх гэж байгаа. Одоогоор мэдээгүй болохоор хэрхэн хүлээж авахыг нь хэлж мэдэхгүй байна.
Уран бичээч В.Баатарчулууны ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу...
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )