Өнөөдрийн шинэ мэдээгээр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 38-р байрны оршин суугч 88 настай эмээ амиа хорлохыг завдан цонхоор үсрэх гэж байсныг цагдаагийнхан таслан зогсоосон тухай өгүүлжээ.
Энэхүү амиа хорлох гэсэн ойлголт өсвөр насны залуусын дунд нилээн түгээмэл байдгаас шалтгаалж иймэрхүү төрлийн мэдээнээс бид бараг цочирдохоо больсон гэхэд хилсдэхгүй. Тэдний ийм шийдвэр гаргадаг шалтгаан ч тодорхой, ихэвчлэн бүтэлгүй хайр дурлалаас болсон байх нь олонтоо.
Харин өнөөдрийн мэдээний хувьд, үр ач нараа тойруулан намбайтал жаргаж суух насны хөгшин хүн ямар учраас амиа хорлохоор шийдэв гэдэг сонин асуулт өөрийн эрхгүй төрж байна.
Амиа хорлох нь нийгмийн үзэгдэл гэх. Тэгвэл энэ эмээгийн шийдвэрт манай нийгмийн хүчин зүйлс нөлөөлсөн байж таарах нь. Ер нь төр засаг, эрх баригчдын зүгээс өвгөд, хөгшид рүү чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрхэн хэрэгжүүлж буй байдал төдийлөн хангалттай бус нь бүхэнд тодорхой харагдаж байгаа. Ядаж байхад аль эртний амласан нэг сая төгрөгөө ч бүтэн өгчихөж чадахгүй, тэд горьдлогын байдалтай хоног өдрийг тоолон хүлээсээр. Зарим нь хүлээж эс дийлэн нөгөө ертөнцөд одвоос сүнс нь ч хоргодож мэдэхээр...
Амиа хорлох үзэгдэл хөгжилтэй орнуудад элбэг, ялангуяа Япон улс энэ талаар тэргүүлдэг гэх мэдээлэл байдаг. Энэ өнцгөөс нь аваад үзвэл манай улсын хөгжил сайжраад байгаа юм болов уу.
Сүүлийн үед манайд сайн дураараа үхэгсдийн тоо олширч байгаа гэх. Статистик тоон үзүүлэлтээс харахад жилд бараг 200 орчим хүн энэ замаар амьдралаа дуусгадаг ажээ. Монголчуудын ихэнх нь нээлттэй биш, их дотогшоо хүмүүс байдаг. Санаа бодлоо тэр бүр бусадтай хуваалцаж, ярьж зөвлөх нь бага учраас нийгмийн энэ бүх стрессийг удаан тэвчиж чадахгүй, иймэрхүү маягийн эцсийн тэнэг шийдвэрийг гаргадаг байж ч болзошгүй.
Ямар нэгэн хүн амиа хорлоход буруутан нь тэр ганцаараа бус, нийгэм тэр чигээрээ байдаг. Тиймээс чиний амь зөвхөн өөрт чинь зориулагдсан бус гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн ганцхан л удаа заяасан амиа хайрлах, бас бусдыг амиа хорлотол нь залхаахгүй байх нь хамгийн чухал.
Сан Францискогийн “Golden Gate Bridge” гүүрнээс үсэрч амиа хорлосон нэгэн залуу гүүрний төмөр багана дээр дараах бичгийг үлдээжээ: “Би гүүрээр алхаж байна. Хэрвээ нэг л хүн над руу харж инээмсэглэвэл би хэзээ ч үсрэхгүй байсан”...
Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрлаж, халуун дулаан инээмсэглэл нэг нэгэндээ бэлэглэж байцгаая!
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )