Таван толгойн хувьцааны ирээдүйн ашиг иргэдэд хүртэх үү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24
Таван толгойтой ижил төстэй ордуудын хувьцаа нэг ширхэг нь дэлхийн зах зээл дээр 17-15000 ам.доллар байна. Гэтэл Засгийн газар ирээдүйд зайлшгүй үнэд орох эдгээр хувьцааг 999 төгрөг 99 мөнгөөр үнэлсэн. Тэгээд иргэдийг 5 сарын 20-ны дотор хувьцаагаа 1 сая төгрөгөөр үнэлж авах, эсвэл Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж, олон улсын зах зээл дээр IPO хийгдэхийг хүлээх хоёр сонголтыг тулгасан.

Одоо нэгэнтээ монголчуудын 1.2 сая хувьцааны оронд бэлэн мөнгө болох сая төгрөгөө авахаар хүсэлтээ НХХЯ-д ирүүлээд байгаа билээ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд сая төгрөгөө бэлэн болон бэлэн бус замаар авчихсан учир хувьцаа авахгүй. Тэгэхээр хувьцаагаа сонгосон хүмүүсийн хувьд хэзээ 1072 ширхэг хувьцаанаасаа ногдол ашиг авах бол, хадгалж үлдсэн хувьцаа нь хичнээн төгрөгөөр үнэлэгдэх вэ гэсэн асуултад дараах эх сурвалжууд хариултыг өглөө.
 

Эрх баригчид ингэж харж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд:

 

-Нэг сая төгрөгийн хувьцаа хэдэн жилийн дараа өсөх боломжтой вэ?


-Таван толгойн орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орно тэр үед л хувьцаа өснө. «Эрдэнэс Таван толгой»-н хувьцааг гаргах асуудал жаахан удаад байна. «Энержи ресурс» компани аль хэдийнэ IРО гаргаад мөнгө босгоод нүүрс угаах цехээ ашиглалтад оруулаад дахин боловсруулалт хийгээд гаргах гэж байна. Тэдний нэгж хувьцааны үнэ өсчихсөн.

Үүнээс үзэхэд төр хувийн хэвшил хоёрын төр нь жаахан менежмент муутай, удаан байна гэдэг нь харагдаж байна. Тийм учраас Таван толгойн орд ашиглалтад орсноор хувьцаа дор хаяж гурав дахин өсөх боломжтой. Ойролцоогоор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ мянга орчим төгрөг байгаа бол орд ашиглалтад орсноор гурван мянга орчим болно. Цаашдаа хоёрдогч зах зээлд хувьцаа арилжаалагдаад ирэхээр брокерийн пүүсээр дамжуулж иргэд хувьцаагаа арилжаалах боломж бүрдэнэ. Тэгэхээр иргэд сая төгрөгөө банканд хадгалуулахаар гурав дахин өсөх үү гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Гэхдээ энэ бол миний л бодол шүү дээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Н.Алтанхуяг: 

 




Хувьцаа эзэмшигч ногдол ашгаа хэзээ авах вэ. Мэдээж үйлдвэр ашиглалтад орж, зардлаа нөхөж ашиг орж ирэх тэр үед. Тавантолгойг эргэлтэд оруулснаар хэтдээ Монголын нэг хүнд сая тонн нүүрстэй дүйх ашиг олдох боломжтой гэсэн багцаачсан тооцоо байна.
Засгийн газрын саналын дагуу ордын нөгөө талыг гаднын компаниуд ашиглана. Гаднын компаниудыг оруулах дөрвөн шаардлага бий аж.Уг нь Таван толгой зургаан тэрбум тн-ын нөөцтэй, хэдэн арван жилдээ ашгаа өгөх том орд. Стратегийн ордынхоо хувьцаа эзэмшигч болж, ашгийг нь хүртэх эрх Монгол Улсын иргэн бүрт бий. Иргэддээ байгалийн баялгийнхаа ашгийг ингэж хүртээсэн улс хөгждөг гэдгийг өнгөрсөн түүхээс төвөггүй уншчихаж болно. Наад захын жишээ гэхэд Аляска байна. Тэнд жил бүр иргэддээ 1000 гаруй доллар хүртээдэг. Ганцхан удаагийн гал унтраах төдий хишиг юм болохгүй нь тодорхой. Одоо бол Таван толгойн өгөөж ингэж л харагдаж байна.

Тавантолгойн ордын өнөөгийн нөхцөл байдал


“Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Э.Энэбиш

 


Таван толгойн нүүрсний ордын төлөвлөлт ба гүйцэтгэлийн өнөөгийн байдлын талаар “Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Э.Энэбиш танилцуулсан.2010 оны 12 сард байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа, Таван толгой орд газарт 5 жилийн дараа гэхэд зүүн Цанхийн хэсэгт байгаа Эрдэнэс Таван толгойн уурхай, баруун Цанхийн хэсэгт байх стратегийн хөрөнгө оруулагчдын байгуулах уурхай, Энержи Ресурс Ухаа худгийн уурхай гэсэн 3 том уурхай ашиглалтад орно. Эдгээр уурхай дээр дэд бүтэц, зам , цахилгаан станцын уялдаа холбоо шаардлагатай.

Энэ оны 7 сарын сүүлээр борлуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурж БНХАУ-ын төрийн өмчийн “Чайналко” компанийн охин компани болох “Чалко”- той гэрээ хийсэн. Мөн Хятадын 2 гангийн үйлдвэр оролцож байгаа. Япон Улсын “Иточу Мицуи”, БНСУ-ын “Корес” мөн оролцож байна. Үнийн хувьд 70 ам доллараар зарж байгаа. Улирал тутам үнээ тохиролцоод явна гэв. 1 сая тонн гэдэг бол 2011 онд дуусах борлуулалтын гэрээ юм. 250 сая долларын урьдчилгаа жилийн 3 хувийн хүүтэй авч байгаа. Хэрвээ хүний хөгжлийн санд мөнгө оруулах үүрэг ногдоогүй байсан бол нүүрсний урьдчилгаа болох энэ 250 сая доллар үйл ажиллагаагаа эхлүүлэх хангалттай хөрөнгө гэж Э.Энэбиш тайлбарлалаа.

Ерөнхий сайд асан Д.Содном

 



Уурхайн олборлол,т экспорт эхэлсэн энэ цаг үед хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн авто зам, төмөр замын асуудал тулгарч байна. 30 жилийн хугацаанд 450 сая тонн нүүрс олборлоно гэж байгаа, цэвэр ашиг нь 5 тэрбум 492 сая доллар үүнийг бүх хувьцаандаа хуваахаар 196 доллар болж байна. Нэг хүнд сард 1.9 доллар оногдож байна. Ийм ашиггүй эдийн засгийн тооцоог эргэж харж үзэх хэрэгтэй.
Борлуулалтын үнэн дээр шүүмжлэмээр зүйлүүд байна. Нэг тонны нь 70 ам.доллараар тооцож байгаа нь жирийн хүрэн нүүрсний үнэ бөгөөд, ийм доогуур үнээр өгч байгааг шүүмжилэхгүй бол болохгүй.

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц

Таван толгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй. “Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо харуулаад яваад байна. Саваар нь эхэлж үнэлээд, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхрага руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой”.

Дэлхийн банкнаас анхааруулав
Тавантолгойн баялгийг хэрхэн хуваах асуудлыг л яриад байгаа болохоос бус үр шимийг нь хүртэхийн тулд хэрэгжүүлэх шаардлагатай суурь ажлуудыг бага яриад байна. Дэд бүтэц тавьснаар Тавантолгойн нүүрсийг гурав дахь ч зах зээлд гаргах асуудал байгаа. Харамсалтай нь үүнд дээр судалгаа хангалтгүй хийгдсэнийг Дэлхийн банкнаас анхааруулж байгаа.

Хувьцааны эрсдэлийн талаар:


Худалдаа хөгжлийн банкны дэд захирал С.Оргодол

-Монголын санхүүгийн зах зээлд их хэмжээний хувьцааг шингээх чадвар байхгүй. Нийгэм тэгш бус байдалтай байхад төрийн бодлого тэгш бусаар үйлчлээд эхэлбэл тогтворгүй байдал үүснэ гэсэн эмзэглэл бий. Ард иргэдэд хувьцаа олгох нь зүйтэй. Харин хувьцааны захиран зарцуулах эрхийг нээх асуудалд шинжлэх ухааны үндэстэй хандмаар байна. Хувьцаа тарааж өгснөөр хүмүүсийн худалдан авах чадварыг дээшлүүлж байгаагаараа сайн талтай байлгүй яахав. Гэхдээ цөөн хэдхэн хувьцаа биш, нийтдээ1.5-3.0 тэрбум ширхэг хувьцаа гээд төсөөлөөд үз дээ. Хамгийн багаар буюу нэгж хувьцаа нь 1000 төгрөг гээд бодоход гурван их наяд төгрөгийг зах зээл гэнэтхэн л шингээх хөрвүүлэх хэрэгцээ үүснэ дээ. Монголд шингэхгүй. Шууд гадагш гарах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл хувьцааны нийлүүлэлт эрэлтээсээ хэтэрчихвэл хувьцааны үнэ өөрөө унана. Үүнийг 1990 оны жишээ бэлхэн харуулсан. Хувьцааныхаа үр шимийг нь хүртэлгүй арилжаалсан үед эдийн засгийн засаглалын эрх, ирээдүйнхээ орлогыг алдана гэсэн үг.

Үнэт цаасны хуулийг батлах шаардлагатай


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан



“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын биржид арилжихын тулд нэн тэргүүнд Үнэт цаасны тухай хуулийг заавал баталсан байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэж эрх баригчид тодроод байгаа ч наад зах нь олон улсад IPO гаргахад баримтлах бодлогын хууль нь батлагдаагүйгээс энэ ажлыг зохион байгуулахад бэрхшээл тулж буй”.

А.ТЭМҮР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top