Г.Мөнхбаяр: Урлагийн авъяастай гэхээр ухаан муутай гэсэн үг биш

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр Шадар сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөхөөр томилогдоод байгаа билээ. Олон нийтэд дуучин, Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээрээ танигдсан тэрээр олон нийтийн шүүмжлэлд ийн хариу барьжээ. 

Энэ тухай тэрээр "Дуучин хүн байж яаж Шадар сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх болдог юм бэ? 

Намайг төдийлөн сайн мэдэхгүй хүмүүс ингэж асуух нь зүйн хэрэг. Учир нь би бээр энэ талаа олон нийтэд огт харуулж байгаагүй нь миний өөрийн буруу гэлтэй.

Гэхдээ урлагийн авъяастай гэхээр ухаан муутай гэсэн үг биш, дуучин гэхээрээ дутуу мэдлэг боловсролтой гэсэн үг бүр ч биш…Өнөөдөр бид “personal development” буюу хувь хүний хөгжлийг чухалчилсан 21-р зуун, 2 дахь мянганд амьдарч байгаа шинэ эрин үеийн цаг тоолол үргэлжилж байна…

Яаран дүгнэлт хийхээс тань өмнө намайг сайн мэдэхгүй таньд өөрийгөө дахин жаахан ч гэсэн танилцуулах нь зүйтэй гэж бодлоо.

Олон нийтэд урлагийн хүн, урлагийн гэр бүл гэдгээрээ танигдсан нь үнэн.

Гэхдээ миний үндсэн мэргэжил бол — эдийн засагч.

Миний бие Монгол Улсын Их Сургуулийн - Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, санхүүгийн мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Сүүлийн 16 жилийн хугацаанд эдийн засаг, бизнесийн орчинд олон улсын болон дотоодын аж ахуй нэгжүүдэд тасралтгүй бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирсэн. Үүнээс 7 орчим жил өөрийн бизнесийг эрхэлж, хөрөнгө, эрсдэл, шийдвэрийн жинг өөрийн биеэр үүрч туршлагажсаар яваа…

Миний амьдралын замналд урлаг, бизнес, менежмент гурвын огтлолцол үргэлж байсаар ирсэн.

Тайз надад урам зориг өгч, хүмүүсийг ойлгох, хариуцлага үүрэх, олны өмнө шийдвэр гаргах хат суулгасан. Харин эдийн засгийн боловсрол надад тооцоолох, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгож стратегийн хэмжээний бодлогыг бодож байх суурийг өгчээ гэж хардаг…

Гэхдээ залуу экспертийн үүднээс харахад Монгол Улсын маань нийгэм, эдийн засгийн төлөв байдал тун амаргүй байгаа энэ цаг үед бид аливаад субьектив өнцгөөс “gossip” болгож хандахаас илүүтэй хийж бүтээх, хөгжлийн оновчтой шийдлүүдийг нийтээрээ хэлэлцэх нь хувь хүний хов живээс илүү чухал байх…

Шинэ томилгоог албан тушаал гэж харахаас илүү итгэл, хариуцлага гэж хүлээн авч байна. Надад итгэл хүлээлгэсэн энэ үүргийг мэргэжлийн ёс зүй, тасралтгүй суралцах хандлагаар биелүүлж, цаг хугацааны явцад мэргэжлийнхээ өнцгийг улам бүр тодотгож бас бататган харуулахын төлөө хичээсээр байх болно" гэжээ. 

Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан нэгэн. Тухайн үедээ залуучуудын “Ротаракт” хөдөлгөөний олон улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг байсан тэрээр ийнхүү улс төрийн ажлаа үргэлжлүүлж явна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top