Австрали, ЕХ батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Австрали, Европын Холбоо батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын түншлэлийн хэлэлцээр байгуулсан тухай Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе мэдээлжээ.

Хэлэлцээр ёсоор талууд цахим аюулгүй байдал, терроризм болон хайбрид заналхийлэлтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн, мэдээлэл солилцох, заналхийлэлд хамтран хариу үйлдэл хийх чадавхаа нэмэгдүүлэх, цахим заналхийлэл болон терроризмын санхүүжүүлэлттэй тэмцэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр заажээ. Мөн сансрын аюулгүй байдлын асуудлаар шинэ хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон байна.

Үүнтэй зэрэгцэн Австрали, Европын Холбоо чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах талаар яриа хэлэлцээ хийжээ.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены гаргасан хамтарсан мэдэгдэлд, тус хэлэлцээр нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дүрэмд суурилсан нээлттэй худалдааг бэхжүүлэхэд чиглэнэ.

Мөн талууд Канберраг Европын холбооны судалгаа, инновацын Horizon Europe хөтөлбөрт 2027 онд элсүүлэх тухай яриа хэлэлцээг эхлүүлэхээр болжээ. Ингэснээр, уур амьсгал, эрчим хүчний салбарт шинэ технологи, судалгааг хөгжүүлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top