БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлаа хангажээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хятад улс газрын тосны нөөцөө хангалттай хэмжээнд бүрдүүлсний дүнд эрчим хүчний зах зээл дээрх савлагаанд бэлэн байна гэж Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн тэргүүний орлогч Гань Чунхуэй мэдэгджээ.

Дэлхийн томоохон үйл явдлууд Хятадын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал АНУ, Ираны мөргөлдөөн Хятадын эрчим хүчний хангамжид шууд нөлөөлж байна. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны нөөцийн 20 хувь дамжин тээвэрлэгддэг бөгөөд Хятад улс нь эрчим хүчний түүхий эдийн импортлогч улс тул эрчим хүчний аюулгүй байдалд нь нөлөөлнө гэсэн үг. Гэсэн хэдий ч БНХАУ нь Хятадын өмнөд хэсэгтээ эрчим хүчний стратегийн ихээхэн хэмжээний нөөцийг бүрдүүлсэн гэж шинжээч онцолжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ байнга өсөж байгаа нь элийн засгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна. Мөн тус улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор дипломат болон бусад хүчин чармайлтыг гаргаж байгааг Гань Чунхуэй дурдсан байна.

Түүний хэлснээр, Ойрх Дорнодын мөргөлдөөн Хятад улсын 15 дахь таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлөхийг дүгнэх эрт байна. Гэсэн хэдий ч Хятадын тал энэхүү нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх, энэ онд геополитикийн нөхцөл байдалд ноцтой өөрчлөлт гарах эсэхэд ихээхэн санаа зовниж байна.

Хятад улс 2025 онд газрын тосны олборлолтоо 1.5 хувиар нэмэгдүүлж, 216.0 сая тоннд хүргэжээ. Мөн 2024 онд тус улс 557.73 сая тонн газрын тос импортолсон нь өмнөх жилийнхээс 4.4 хувиар өсжээ. Хятадын газрын тосны стратегийн нөөц ойролцоогоор 190 сая тонн байдаг байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top