Ираны дээд удирдагч агсан аятолла Али Хаменеийг эцсийн замд нь үдэх ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Оршуулах ёслол лхагва гарагт товлогдсон байв.
Ираны мэдээллийн Tasnim агентлагийн мэдээллээр, арга хэмжээг ложистикийн асуудлаас болж хойшлуулсан байна. Учир нь олон мянган хүн салах ёслол гүйцэтгэхээр Тегеранд ирж амжихгүй байна гэсэн бол ажиглагчид Израилын батлан хамгаалахын сайд Исраэл Кац Хаменеийн залгамжлагчаар сонгогдсон удирдагчийг устгана гэж заналхийлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Хэвлэлүүдийн мэдээллээр, Шинжээчдийн зөвлөл аятолла Али Хаменеийн залгамжлагчаар түүний хүү Можтаба Хаменеийг гол нэр дэвшигчээр үзэж байна.
86 настай Али Хаменеи АНУ, Израилын Тегеранд өгсөн цохилтын улмаас амь үрэгдсэн билээ. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолын шинэ товыг одоогоор зарлаагүй байна.
1989 онд аятолла Рухолла Хомейнийг оршуулах ёслолд 10 сая орчим хүн оролцож байжээ. Харин Али Хаменеитэй салах ёс гүйцэтгэхээр үүнээс ч олон хүн оролцоно гэж үзэж байна. Ийм олон тооны хүн нэг дор цуглах нь халдлагын бай болж болзошгүй гэж Ираны эрх баригчид болгоомжилж байгаа тухай Ираны хэвлэлүүд онцолжээ.
Хаменеийг түүний төрсөн хот болох Мешхедэд нутаглуулна гэсэн хүлээлт байна. Мешхед хот нь шиитийн исламын гол төв бөгөөд тэнд имам Резагийн бунхан байрладаг бөгөөд жилд олон сая мөргөлчид очдог чухал газруудын нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )