Олон Улсын Уулчдын холбоо (ОУУХ-UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах 2026 оны дөрөв дэх цуврал Канадын Эдмонтон хотноо өнөөдөр болж, ОУХМ Нямдоогийн Сэлэнгэ эмэгтэйчүүдийн хурдны төрөлд алт, ОУХМ Ч.Мандахбаяр хүрэл медаль хүртэн, ОУХМ Н.Хэрлэн шагналт IV байрт шалгарлаа.
Түүнчлэн Монгол Улсын баг тамирчид Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээний Хурдны төрлийг багийн дүнгээр тэргүүллээ. Энэ бол өвлийн спортын түүхэнд бичигдэх онцгой амжилтын нэг мөнөөс мөн билээ.
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах 2026 оны отгон хоёр цувралд оролцох Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар сарын 18-нд эх орноосоо мордсон юм.
Тэдний эхний тэмцээн АНУ-ын Лонгмонт хотод болсон бол удаах нь өнөөдөр (2026.02.28) Канад, Эдмонтонд болж өндөрлөлөө.
Энэ тухай МҮОХ-ны гишүүн, "Сутайн бор" клубын тэргүүн А.Батсүх дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлснийг хүргэж байна.
~ БӨМБӨРЦГИЙНХ ~
Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн цомд оролцсон Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн 4 тамирчин бүгд 2026 оны 4 цувралд Хурд болон Техникийн төрлүүдээр амжилттай өрсөлдөж, Хурдны төрөлд 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн, шагналт IV байрт 3 удаа шалгарсан түүхэн амжилтаар улирлыг өндөрлүүлж байна.
Багийн эрэгтэй 3, эмэгтэй 1 гишүүн тамирчин бүгд медалийн тавцанд зогсож, Монгол Улсын төрийн дуулалаа Европ, Канадын тэнгэрт эгшиглүүлэв.
Хойд Америкийн 2 цуврал бидэнд том сорилт учруулсан юм.

ОУХМ Н.Сэлэнгэ
Н.Сэлэнгэ зөвхөн алт сонирхож буйг бид хүлээн зөвшөөрдөг болжээ. Энэ улирлыг 2 алт, шагналт IV байр 2-той өндөрлүүллээ. Н.Сэлэнгэ сүүлийн 2 жилд буюу 2025-2026 онд Дэлхийн цомын аварга шалгаруулах нийт 9 цуврал тэмцээнд оролцохдоо 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж, Шагналт IV байрт 3 удаа шалгараад байна. Түүний энэ амжилт цаашид дахин давтагдах болов уу? Үгүй байж болох ч шинэчлэгдсээр байх нь тодорхой байна. Монгол төрийн дууллаа тэрбээр БНСУ, Швейцарийн Холбооны улс, Франц, АНУ, Канад гэсэн 3 тивийн 5 өөр улсын тэнгэрт эгшиглүүлсэн юм.
Хүчирхэг тамирчин охин маань Дэлхийн цомын тэмцээний 3 цувралын Техникийн төрөлд энэ жил 6 зам дээр гарч өрсөлдсөн нь барьцнууд дээр хэрхэн шилжих, мөсний алхаа хэрхэн удирдах гэхчлэн маш их мэдлэг эзэмшиж, туршлага хуримтлуулсан нь бас нэгэн том ололт яах аргагүй мөн байлаа. Швейцарийн тэмцээнд оролцохдоо аваргалсны зэрэгцээ ОУОХ-ны төлөөлөгчдөд Мөсөнд авиралтын Хурдны үзүүлэх авиралт сонирхуулж, сурталчилсан дөрвөн тамирчны нэг нь Монголын Сэлэнгэ (Селенж) байсныг бид саяхан харсан. ОУУХ (UIAA)-ны урилгаар сонгогдож оролцсон нь ихэд билигшээлтэй, өндөр ач холбогдолтой үйл явдал болсон юм. АНУ, Лонгмонтын тэмцээний үеэр мөн л хоолой нь өвдөж, өндөр халуунтай хүндхэн өдрүүдийг давсан. Канадад ч ялгаагүй халуунтай уралдсан бөгөөд “…авирахад хоолой өвдөж,цээж зураад хэцүү байсан…” хэмээн тэмцээний дараа өгүүлнэ билээ. Канадад тэр Техникийн төрлийн авиралтыг өнжсөн.
Хүйтэн сэрүүний улиралд зөвхөн нутагтаа төдийгүй Ази, Европ, Америк тив алгасч, бүтэн 4 сарын турш гадаа зогсож бэлтгэл хийн, тэмцээнд оролцох амархан гэж үү?! Тамирчны ялалт хялбар олддоггүй нь юутай үнэн.
ОУХМ Н.Сэлэнгэ Мөсөнд авиралтын эмэгтэй Хурдны төрлийн дэлхийн чансааг ийнхүү 2 жил дараалан итгэл төгс тэргүүлж байна.
ОУХМ Н.Хэрлэн
ОУХМ Н.Хэрлэнгийн хувьд бэртлийн дараа эргэн ирсэн анхны тэмцээн байсан бөгөөд нутгаасаа хоолой хүнд өвдсөн, цөөнгүй өдөр өндөр халуунтай байсан хэдий ч гараанд гарч, Лонгмонтод хүрэл медаль хүртэн, Канадын Эдмонтод шагналт IV байрт шалгарлаа. Н.Хэрлэн их спортын тамирчныг юуны учир “бөмбөрцгийн” хэмээн онцолдог вэ гэдгийг яруу тод илтгэн харууллаа. Зууны, мянганы нарийвчлалтай шөвгийн 4-ийн хатуу өрсөлдөөнд тэр байх ёстой гэдгээ бат нот хүлээн зөвшөөрүүлсээр байна.
Спортын мастер О.Сайханжаргал
Тэр энэ жил өөрийгөө дэлхийд данстай тамирчин мөн гэдгийг баталж, анхны мөнгөн медалиа энгэртээ зүүн, Монголын төдийгүй Олон улсын уул, авиралтын ертөнцийнхний талархал хүлээлээ. Тэр бол Монголын Мөсөнд авиралтын багийн топ менежер билээ.
ОУХМ Ч.Мандахбаяр
Тэр хурд, хүч, тэсрэлт, техниктэй мэргэжлийн тамирчин гэдгээ эргэлзэх зүйлгүй нотлон харуулсаар энэ улирлыг өндөрлүүлж байна. "Дэлхийн цом"-ын мөнгө, хүрэл медалийг энгэртээ зүүж, дээлээ гоёлоо. Хоёулаа алтын “сорьцтой” медалиуд байлаа. Наадам олон буй билээ. Дэлхийн цомын тэмцээний Техникийн төрөлд 3 цуврал, 6 зам дээр өрсөлдсөн нь үнэ цэнтэй мэдлэг, туршлага түүнд үлдээсэн нь лавтай. Ч.Мандахбаяр цаашид хурд, техникийн төрлүүдэд зэрэг урагшилж, дээгүүр суух болно. Тамирчин маань АНУ, Лонгмонтын цувралын төгсгөлд хоолой нь хүнд өвдөж, мөн л 2-3 өдөр өндөр халуурсаны улмаас багахан сульдсан байж болох ч "Канадад финалд би байх ёстой юм" гэдгээ төвөггүй харуулна билээ. Канад, Эдмонтонд Техникийн төрлийг өнжсөн. ОУХМ Ч.Мандахбаяр 2024-2025 оны хугацаанд Мөсөнд авиралтын эрэгтэй Хурдны төрлийн дэлхийн чансааг 2 жил дараалан тэргүүлж байгааг онцлох хэрэгтэй. Энэ жил ч мөн тэр хошуучлагчдын эгнээнд эрэмбэлэгдэв





* * *
Монголын Мөсөнд авиралтын эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад хүнтэй эсвэл цагтай уралдах Хурдны төрлийн аль ч формат ялгаагүй юм билээ. Тэд хаана ч, хэнтэй ч, ямраар ч уралдахад бэлэн байдаг ажээ.
Өндөр их Алтайн уулчид өнөөдрийн энэ оргилд гарахаар 45 жил шантралгүй зүтгэж, хөдөлмөрлөсөн гэдгийг бид мэднэ. Баярлаж, бахархаж байна, та бүхэнд.
Алс баруун хязгаарын буйдхан суурин Тонхил сумын Спорт авирагчид бөмбөрцгийн шилдгүүдийн эсрэг зогслоо шүү дээ.
Алтайн үе үеийн уулчид, уулын спортын тамирчид,багш дасгалжуулагч нарт Монголын нийт уулчидын нэрийн өмнөөс болон хувиасаа түүхт 45 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж,чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн нийт хамт олонд, ивээн тэтгэгчид,багш дасгалжуулагч нарын багт, гадаад дотоод дахь үнэнч хөгжөөн дэмжигчид ,бидэнтэй хамтран ажилладаг,биднийг үргэлж дэмжин туслаж байдаг бүх хувь хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийлье. Олимпын аваргууд болоорой.
Сэтгэгдэл ( 0 )