Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байхыг онцгойлон захижээ.
Тэмдэглэхэд, өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдын томилгоог дэмжиж, томилсон. Энэ үеэр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, түүний оронд Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохоор болсон байсан юм. Гэвч Г.Тэнгэр нь саяхан гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж буй тул үүнтэй холбоотойгоор ёс зүйн зөрчил гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон түүнийг Элчин сайдаар тохоон томилох зарлиг гаргахаас Ерөнхийлөгч татгалзсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )