
БНХАУ-ын иргэд Хятадын цагаан сар гэх тодотголтой Хаврын баяраа угтахаар бэлдэж байна.
Чуньжэ буюу Хаврын баяр нь хоёрдугаар сарын 17-нд тохиох бөгөөд энэ өдөр Гал Морь жил эхэлж, 2027 оны хоёрдугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.
Энэ сарын 15-23-ны хооронд үргэлжлэх баярын өдрүүдийг угтан хот, тосгод улаан өнгөөр тодорч, ихэнх иргэд уламжлал ёсоор гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтахаар том хотуудаас төрсөн тосгод руугаа зорьжээ.
Мэргэн ухаан, дэвшлийн жил
Гал Морь жил 1966 онд тохиож байжээ. Хятадад морь мэргэн ухаан, амжилт дэвшил, сэргэлэн цовоо байдлыг бэлгэддэг. Хятадын уламжлалт соёлд морийг газар дээр дүүлэх луу хэмээн зүйрлэдэг байна. Домог ёсоор, лунма буюу морь-луу Шар мөрнөөс гарч ирэхэд нуруун дээрх дүрс нь Хятадын домогт хаан Фү Ши-д ханз үсэг зохиох санаа өгч, улмаар Хятадын соёл иргэншлийг үндсийг тавьсан гэж домогт өгүүлдэг байна.
Тиймээс адуу мэргэн ухаан, сайн сайхан, сэргэлэн цовоо байдлыг илэрхийлдэг ба лунма морь-луу хүмүүсийг амжилт, дэвшилд хөтөлсөн бэлэг тэмдэг болжээ. Морь жилийн амин сүнс нь шинэ эхлэл, амьдралыг өөдрөгөөр харахад оршдог байна.
Хятадын цагаан сараар зорчих хөдөлгөөн үлэмж ихэсдэг бөгөөд 1980-аад онд "чуньюнь" гэх тусгай хэллэг бий болжээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн том нүүдлийн үзэгдэл. Чуньюнь үзэгдэл Шинэ он гарахаас хоёр долоо хоногийн өмнө эхэлж, 40 хоног үргэлжилнэ. Олон сая иргэн хотуудаас төрсөн нутгаа зорьж, гэр бүлтэйгээ шинэ оноо угтдаг. Энэ жилийн чуньюнь хоёрдугаар сарын 2-нд эхэлж, гуравдугаар сарын 13-нд дуусна.
Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр, чуньюунь улирлын эхний өдөр л гэхэд дотоодын зорчигч тээврийн нийт 187.91 сая аялал бүртгэгджээ.
Томоохон хотуудын нэгэн адил Бээжин хотын улаан дэнлүүгээр гоёсон гудамжнууд сэлүүхэн болжээ. Хаалга бүрийг улаан цаасан дээр ханзаар бичсэн “аз жаргал” гэсэн үг чимнэ.

Сэтгэгдэл ( 0 )