ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.06. Энэ оны 36 дахь өдөр бөгөөд он дуусахад 329 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандаж, 18 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 28 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гар утаснаас татгалзах дэлхийн өдөр, Сами түмний олон улсын өдөр, Муай Тай боксын олон улсын өдөр тохиож байна. Японд Цайны өдөр, Ямайкад Боб Марлийн өдөр, Тажикистанд Цагдаагийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын жүжигчин Жак Вильре, Оросын хөгжмийн зохиолч, “Любэ”, “Иванушки International”, “Корни”, “Фабрика” хамтлагуудыг үүсгэн байгуулагч Игорь Матвиенко, “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роуз, Канадын хоккейч Адам Хенрике, Их Британийн жүжигчин Чарли Хитон, Английн хөлбөмбөгч Сэм МакКүин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагджээ. Уг хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, таван аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгов. Мөн Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.

Мөн оны энэ өдөр бүх албан газрын тамга тэмдэг, ном, зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд заларчээ.

1958 онд Мюнхен хотод Манчестер Юнайтэд багийн гишүүдийн нисэж явсан онгоц осолдож, найман хөлбөмбөгч амиа алдав.

1989 оны энэ өдөр Варшавт Бүгд Найрамдах Польш Ард Улсын Сайд нарын зөвлөлийн байранд Польшийн засаг болон сөрөг хүчний хооронд хэлэлцээ эхэлжээ.

1998 оны энэ өдөр Вашингтоны үндэсний олон нисэх буудлыг Рональд Рейганы нэрэмжит үндэсний нисэх буудал гэж нэрлэв.

2000 оны энэ өдөр Финландын Гадаад хэргийн сайд Тарья Халонен тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

2001 оны энэ өдөр Ариэль Шарон Израилийн Ерөнхий сайдын шууд сонгуульд ялалт байгуулав.

2008 оны энэ өдөр Эквадорын Сангай үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Тунгарауа галт уул дэлбэрсний улмаас хоёр суурин үнс нурамд хучигджээ.

2018 онд Канаверал сансрын буудлаас хэт хүнд жингийн Falcon Heavy пуужин тээвэрлэгчийг анх удаа хөөргөв.

2023 оны энэ өдөр Турк, Сирид асар хүчтэй газар хөдөлж, 57 мянга гаруй хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top