Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэргийг илрүүлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт үргэлжилж байна. Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд, Улаанбаатар хотод ургаж буй тархацын талбайг устгах, эмийн хэтрүүлэн хэрэглээний талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хар тамхи, түүнтэй ижил төсөөт эм бэлдмэл зэргийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх ажилд техник технологи, эрэлч ноход ашиглах, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах шаардлагатайг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Э.Товуудорж танилцууллаа.

 

 

Өнгөрсөн онд дээрх төрлийн 307 хэрэг илрүүлжээ. Үүнээс нийслэлд 273, орон нутагт 34 хэрэг үйлдэгджээ.

Мөн онд 11 аймгийн 51 сумын нутаг дэвсгэрт ургадаг олсны төрлийн ургамлын 1923 га, нийслэлд 2.5 га талбайд устгал хийжээ. Одоо улсын хэмжээнд 5000 орчим га талбайд тархац байна гэдгийг албаныхан дурдлаа.

 

 

Энэ үеэр Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг өөрчлөх хэрэгтэй санагдаж байна. Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна. Архи, тамхинаас татгалзах агуулгаар энэ нэршлийг нь ашиглахаар сурталчилгаа болоод байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга ажиллагааны буюу сургалтын модулаа өөрчилбөл яасан юм бэ” гэх санал хэллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top