Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээн авч уулзлаа
Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлнэ.
“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд яаралтай тусламжийн төвүүдийг орон нутагт байгуулж, телевиз, фм, радио, гар утасны сүлжээгээр дамжуулан яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, шуурхай мэдээллийн дамжуулалтыг сайжруулан, дохионы цамхгуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүсэд хүрэх хөдөлгөөнт холбооны нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг тусгасан гамшгийн эрсдэлийн хяналтын системийг бий болгож, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчилж, улс, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт зохион байгуулахаас гадна 21 аймагт сайн дурын бүлгүүдийг байгуулж сургаж бэлтгэх юм.

Харин “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн болон олон давхар барилга, үйлдвэрийн обьектын гал түймэр, үер ус, уурхай, цацраг химийн болон тэсрэх дэлбэрэх осол зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж, орон нутгийн байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан болон иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгааг уулзалтаар онцолсон байна.


Сэтгэгдэл ( 0 )