Хөнгөн үйлдвэрлэлийн дэд салбар бүрийг дэмжсэн үндэсний хөдөлгөөн шаардлагатай байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь хэлэлцэв.

Тус уулзалтад ХХААХҮ-ийн Сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ, Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо; Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын оёдлын нэгдсэн холбоо, Монголын Ноос, ноолуурын холбооны төлөөллүүд оролцов.

Энэ үеэр салбарын яамнаас шинээр боловсруулж буй хууль эрх зүйн баримт бичгүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс хөнгөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, шийдэл, хамтын ажиллагааны талаар санал, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн саналаа танилцуулж, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд харилцан санал солилцов.

Хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийх, тухайлбал мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах, аж ахуйн нэгжийн албан татвар, нэмүү өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор татварын таатай орчныг бүрдүүлэх, экспортыг үйлдвэрлэгчдэд харилцан ашигтай зохистой хэлбэрээр дэмжих, импортын бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагыг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ төрийн худалдан авалтаар дэмжих эрхзүйн орчныг бүрдүүлэх, “Эх оронч худалдан авалт” зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг саналуудыг мэргэжлийн холбоодын зүгээс тавьж байлаа.

Талууд “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн нь амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байгааг онцгойлон дурдаж, хөнгөн үйлдвэрийн бүх дэд салбарыг хамарсан дэмжлэг үзүүлэх үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх саналыг дэвшүүлж, салбарын хөгжлийн төлөө тодорхой шийдлүүдэд хүрч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top