ӨГЛӨӨНИЙ МЭНД, 2026 ОН!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.01. Энэ жилийн эхний өдөр ба он дуустал 364 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг  11 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Григорийн он тооллоор шинэ он эхэлж байна. Энэ өдөр Энх тайвны төлөөх дэлхийн мөргөлийн өдөр тохиож байгаа бол Санхүүгийн шинэ жил мөн эхэлж байна.

Өнөөдөр АНУ-д Гэр бүлийн дэлхийн өдөр, Кубад Эрх чөлөөний өдөр, Чех улсад Тусгаар тогтнолыг сэргээн тогтоосон өдөр, Суданд Тусгаар тогтнолын баяр, Литвад Турийн далбааны өдөр, Шведэд Пиццаны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр  Америкийн анхны далбааг оёсон гэх оёдолчин Бетси Росс, орчин цагийн Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен, Холбооны мөрдөх товчоог үүсгэн байгуулагч Эдгар Гувер, Оросын сансрын нисэгч Владимир Титов, One Piece  манганы зохиолч Эйичиро Ода, алдарт хөлбөмбөгч Стивен Дэвис зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 45 оны энэ өдөр Юлианы он тооллыг нэвтрүүлж байжээ.

1622 оны энэ өдөр Ромын пап ламын захиргаа шинэ оныг нэгдүгээр сарын 1-ээс эхлүүлэн тооцох шийдвэр гаргав. Үүнээс өмнө шинэ оны гуравдугаар сарын 25-нд эхэлдэг байжээ.

1788 онд The Times сонины анхны дугаар хэвлэгдэн гарав.

1810 оны энэ өдөр Францын наймаачин Жан Мариус эвхдэг шүхэр үйлдвэрлэх эрх авчээ.

1877 оны энэ өдөр Их Британийн хатан хаан Викториа Энэтхэгийн хатан хаанаар өргөмжлөгдөв.

1909 онд Их Британид анх удаа тэтгэвэр олгож эхэлжээ.

1969 оны энэ өдөр “Ну, погоди” хүүхэлдэйн киноны нээлт болов.

1978 оны энэ өдөр Боинг 747 онгоц Бомбей хот орчим осолдож, 213 хүн амиа алдав.

2002 онд евро бэлэн мөнгөний төлбөр тооцоонд нэвтэрчээ.

2017 оны энэ өдөр Антонио Гутерриш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа оров.

2025 оны энэ өдөр Болгар, Румын улс Шенгений бүсэд нэгдэн оржээ.

Энэ өдөр үс засуулвал жаргал ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top