Хятадын Төв банк виртуал валютын эсрэг хатуу бодлого баримтална

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

БНХАУ-ын Төв банк болох Ардын банкны хуралдаанаар виртуал валютын эсрэг хатуу бодлого баримтална гэдгээ зарлалаа. Ингэснээр зах зээл дээр байгаа виртуал валютын дамын наймааг хянах, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглахыг хатуу хязгаарлахаар бодлогоо тууштай баримтлахаар боллоо. 

Сүүлийн үед крипто болон виртуал валютын хэлцэл нэмэгдэж, түүний хэрээр зах зээлд сорилтууд гарч ирсээр байгааг Хятадын төв банкны мэдэгдэлд дурджээ. Виртуал валют нь тухайн улсын албан ёсны мөнгөн тэмдэгттэй адил эрх зүйн ямар ч статусгүй бөгөөд зах зээлд хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох боломжгүй гэдгийг ч хуралдааны үеэр онцолсон байна.

Сүүлийн үед крипто болон виртуал валют нь мөнгө угаах хэрэгсэл болоод зогсохгүй, тухайн үйлчлэгчийг залилах хэрэгсэл болсоор байгааг Хятадын төв банк анхааруулсаар ирсэн. Энэ тухай БНХАУ-ын Ардын банкны дарга Пан Гоншен хэлэхдээ “Төв банк дтоодын виртуал валютуудын үйл ажиллагаа, дамын наймааг таслан зогсоохын зэрэгцээ гадаад дахь крипто валютуудыг сайтар судалж, үнэлнэ” гэсэн юм.

Хятадын дотоодод виртуаль валютын үйл ажиллагааг дөрвөн жилийн өмнө хориглосон. Гэвч хувь хүн болон аж ахуйн нэгжүүд хямд эрчим хүч бүхий, эрчим хүчний нөөц баялаг бүс нутагт хууль бусаар олборлох дата төв бий болсоор байгааг сүүлийн үеийн судалгаа харуулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top