Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл БНСУ-ын элчин сайдтай уулзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа. Хоёр орны найрсаг харилцаа эдийн засаг, улс төрийн түвшинд төдийгүй иргэд хооронд гүнзгийрэн хөгжиж байгааг талууд онцлон дурдаж парламентын болон улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл удахгүй БНСУ-д ажиллахдаа тус улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний нөхцөл байдал, санал хүсэлттэй танилцах бөгөөд түүний дараа Үндэсний ассамблейн дарга, гишүүдтэй уулзаж уламжлах болно гэв. Түүнчлэн нийгмийн шударга ёсыг бэхжүүлж, иргэд нь төрийн албан тушаалтнууддаа өндөр шаардлага тавьж чаддаг соёл, хандлага болон оюуны чадамжид суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгож буй туршлагыг Ардчилсан нам судалж суралцахыг зорьж байна гэв.

Элчин сайд Чой Жин Вон Солонгос улсын өнөөгийн ерөнхийлөгч тус улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулахад илүү их анхаарал хандуулж байгаа тул Солонгос дахь Монгол иргэдийн нөхцөл байдал бодитойгоор сайжрана гэж итгэж байна, цаашид энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг хүсье гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, А.Батпүрэв нар оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top