Улсын арслан Б.Орхонбаяр Physical Asia-д Монголын багаа толгойлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

Ирэх аравдугаар сараас эхлэн зөвхөн Netflix-ээр Physical Asia цацагдах гэж байна. Азийн найман улс тус бүр зургаан тамирчинтайгаар энэхүү хатуу ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнд оролцох юм.

Эдгээр найман улсад Монгол багтсан. Монголын тэвчээртэй, хүчирхэг зургаан тамирчныг улсын арслан Баярсайханы Орхонбаяр толгойлсон байна. Монголоос гадна Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин улс тус бүр зургаан тамирчнаа оролцуулжээ.

Азидаа хэн нь хамгийн хүчтэй бас тэвчээртэй вэ гэдгээ үзэлцэх, эх орныхоо нэр хүнд, үндэсний соёл уламжлал, үндэсний спорт, ширүүн өрсөлдөөн ханхалсан энэхүү тэмцээнийг түүхэн үйл явдал гэж Netflix тунхаглаад байна.

Монголын багт улсын арслан Б.Орхонбаяраас гадна улсын гарьд Баянмөнхийн Гантогтохын охин, волейболын улсын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, сагсанбөмбөгч Э.Дөлгөөн, холимог тулаанч Б.Энх-Оргил, жүдогийн шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байна.

Филиппинийн багийг домогт боксчин Мэнни Пакьяо толгойлжээ. UFC-гийн анхны солонгос тулаанч Дон Хён улсын тамирчдаа толгойлсон бол UFC-гийн дунд жингийн Дэлхийн аварга Роберт Уиттакер Австралийн багийн лидерээр оржээ. Японы багийг MMA-гийн тулаанч Юшин Оками толгойлжээ. Туркийн үндэсний бөх гэгддэг биеэ тосолсон барилдааны дөрвөн удаагийн аварга Рэжэп Кара тамирчдаа манлайлж, Тайландын муай-тай боксын Дэлхийн аварга Супербон улсынхаа тамирчдыг толгойлсон гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top