Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух ногоон байгууламжийн газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг.
Гэвч нийслэл хотод цөөн үлдсэн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох уг газрыг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр хашаалж, ногоон байгууламжуудыг устгаж эхэллээ.
Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар “Улаанбаатар Төмөр зам" ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлээд байгаа ба өнгөрсөн хугацаанд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулаад байсан юм.
2021 оны зургаадугаар сард дахин төлөвлөтийн орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК нь уг газрын ногоон байгууламжийг устгаж, зөвшөөрөлгүйгээр автозогсоол байгуулах ажил эхлүүлж байсан бөгөөд тухайн үед Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж байсан ч тэд өөрсдийн шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулсан бүтээн байгуулалтаа устгаж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, тус газрыг түр эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН нь дөрвөн жилийн өмнө автомашины зогсоол барих боломжгүй гэж үзэн арга хэмжээ авч, нөхөн сэргээлт хийлгүүлж байсан ч өнөөдөр энэ шийдвэрийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчил бий гэх хардлага төрүүлж байгаа юм.
Нөгөө талаас цэцэрлэгт хүрээлэнгийн газарт автозогсоол барьж буй асуудлын талаар Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатараас тодруулахад, ногоон байгууламжийн газарт автозогсоол байгуулах тухай холбогдох зөвшөөрлийг дүүргээс өгөөгүй, “Улаанбаатар Төмөр зам" ХНН дангаараа шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг өгч байна.

Сэтгэгдэл ( 3 )
УЁ Т НОГООН БАЙГУУЛАМЖ ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ
хайран сайхан ногоон байгууламж хөрөнгө мөнгө мод сөөг хүчилтөрөгч ЗОГСООГООЧЭЭЭЭЭ
ЭЗЭНГҮЙ МОНГОЛДЛ ИЙМ ЭХ ЗАХАА АЛДСАН ҮЙЛДЭЛ ГАРДАГ.......ХУД-Н ОРГИЛ СУПЕРМАРКЕТ ЭВСЭГ КАШМЕР 2-Н ДУНД СОЦИАЛИЗМЫН ҮЕД УЛСЫН ХӨРӨНГӨӨР БАЙГУУЛСАН САЙХАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИЙ. ГЭТЭЛ 1 ОЛИГАРХ ТҮҮНИЙГ ХАШААД МОДЫГ НЬ УСТГАХ ГЭЖ БАЙХАД ХОТ ДҮҮРГИЙН ДАРГА НАРААС ДУУГАРДАГ ХҮН АЛГА. ТЭР САЙХАН ЦЭЦЭРЛЭГ УДАХГҮЙ ЦЕМЕНТЕН ШИРЭНГЭ БОЛОХ НЭЭ.........ЭЗЭНГҮЙ МОНГОЛ ГЭЖ ИЙМ БАЙНА....!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!