Ираны эрх баригчидтай ажил хэрэгч харилцаатай ажиллахыг хүсэж байгаагаа Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдсэн байна.
Ирантай холбоотой гуравдагч этгээдийн зүгээс түүний амь насанд халдахаар заналхийлсэн тухай мэдээ “The Wall Street Journal” сонинд гарсантай холбогдуулан Австрийн Дотоод хэргийн яам энэ оны зургаадугаар сарын сүүлээр Гроссийг тусгай зориулалтын “Кобра” отрядын дайчдаар хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авсан ажээ. “Би Ираны талтай үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэж байгаа хэдий ч иймэрхүү заналхийлэл гарч байгаа нь харамсалтай юм” гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн байцаагчид Иранд эргэж очсон нь тус улстай харилцаа хэвийн болох чиглэлд ахиц гарч буйг харуулж байгаа юм. Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсний дараа МАГАТЭ Иранд хэзээ ч эргэж очихгүй байх гэсэн яриа их гарч байлаа. Харин манай байцаагчид Иранд эргэж очоод байна. Бид удахгүй тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна” гэж Рафаэль Гросси онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )