Монгол бөхийн түүхэнд хоёр ойд зэрэг барилдах байтугай нэг наадмын нэг даваанд хоёр бөхтэй ээлжлэн барилдаж байсан тухай домог хууч яриа бий. Хэдийгээр албан ёсоор баталгаажуулаагүй ч гэсэн энэхүү домгийн орчин цагийн өөр нэгэн хувилбарыг улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлий нарын зэрэг бөхчүүд толилуулж байна.


Өчигдөр эхэлсэн “Их хурд 10” наадмын хүчит 256 бөхийн толгойд дээрх таван бөх яг дарааллаараа боссон. Тэгвэл өнөөдөр “Их хурд 10”-ын бөхийн барилдаан өнжиж буй тул энэ боломжийг ашиглан Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн барилдаанд дээрх таван бөх мөн магнайлан барилдаж байна. Өнөөдөр Баянзүрхийн ой дуусна. Маргааш харин “Их хурд 10”-ын ой үргэлжлэх юм.
Ийнхүү хоёр ойд зэрэг барилдаж бөхчүүдээс хоёуланд нь зэрэг түрүүлчих ч боломж бий. Үүгээрээ энэ хоёр барилдаан онцгой сонирхол татаж байна. Гэхдээ О.Хангай аварга Баянзүрх дүүргийн ойн барилдааны дөрвийн даваанд аймгийн начин Б.Гончигсүрэнд унасан бол улсын арслан Ц.Бямба-Отгон мөн даваанд аймгийн арслан Д.Алтанцоожид өвдөг шороодлоо.
Ойрмогхоны жишээгээр бол 1998 оны 12 дугаар сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөний нээлтэд зориулсан барилдаан, “Монросцветмет”-ийн ойн барилдаантай нэг өдөр нэг газар болж байлаа. Бөхийн өргөөний нээлтийн эхний давааг дуусгаад, “Монросцветмет”-ийн ойн барилдаан шууд Бөхийн өргөөнд эхэлж байсан. Маргааш нь Бөхийн өргөөний нээлтийн барилдаан үргэлжилж, түрүү үзүүр бөхөө тодруулсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 1 )
Угаадсыг нь ахиухан өгвөл наадуул чинь нэг биш нилээн хэдэн ойн барилдаанд ч зэрэг барилдах байлгүй, шунал нь хаачих вэ дээ