Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд: "Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж байна.
2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд УИХ-ын 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, бүлгүүдийн төлөөлөл багтаж, нийт гишүүдийн 25,2% буюу 32 нь эмэгтэй гишүүн боллоо.
Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын 1 болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 65-рт эрэмбэлэгдлээ. Мөн улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсан.
УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.
Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын Парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )