ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Өнөөдөр 2025.04.29. Энэ оны 119 дахь өдөр бөгөөд он дуусахад 246 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 37 минутад мандаж, 20 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр, Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр мөн Хүүхдийн хүсэл биелэх өдөр тохиож байна. Энэ өдөр Колумб улсад Мод тарих өдөр, Аргентинд Амьтан хамгаалах өдөр, АНУ-д Энхтайвны сарнайн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Австрали-Америкийн найруулагч Филлип Нойс, Ирландын жүжигчин Дэниел Майкл Блейк Дэй-Льюис, Америкийн жүжигчин Ума Турман, Мишель Пфайффер, Канадын зохиолч Роберт Жеймс Сойер, Америкийн теннисчин, олимпын аварга Андре Агасси, Францын жүжигчин Давид Белль, Канадын хоккейч Жонатан Тэйвс, Австралийн жүжигчин Кэтрин Лэнгфорд зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1912 оны энэ өдөр Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга, засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөж, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд сууж, Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1770 оны энэ өдөр Английн ахмад Жеймс Кук Австралид эрэгт хөл тавьжээ.

1884 онд Оксфордын их сургууль эмэгтэй оюутнуудад шалгалтад орохыг зөвшөөрөв.

1913 оны энэ өдөр АНУ-д цагаачилсан Шведийн инженер Гидеон Сундбек хувцасны цахилгаандаа патент авчээ.

1945 оны энэ өдөр холбоотнууд Дахау хорих лагерийг чөлөөлжээ.

1965 оны энэ өдөр Пакистан улс долоо дахь удаагаа сансрын хөлөг амжилттай хөөргөсөн байна.

1978 оны энэ өдөр Данид цаазын ялыг цуцалжээ.

1982 оны энэ өдөр Хятадын хүн ам тэрбумд хүрчээ.

2011 оны энэ өдөр Их Британийн ханхүү Уиллиам болон Кэйт Миддлтон нарын хурим Вестминстерт болсон билээ.

Билгийн тооллын 2. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал  хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu