ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28

Өнөөдөр 2025.04.28. Энэ оны 118 дахь өдөр бөгөөд он дуусахад 247 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандаж, 20 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Афганистанд энэ өдөр Афганы ард түмний ялалтын өдөр бол Барбадост Үндэсний баатруудын, Японд Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Альба, Мэри Макдоннел, Нэнси Ли Гран, Брижит Мойнахан, Францын сансрын нисэгч Леопольд Эйартц, Шведийн хоккейч Никлас Лидстрём, Аргентины хөл бөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне, Испанийн жүжигчин, Оскарын шагналт Пенелопа Круз зэрэг алдартан  төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1944: БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаагаа олгож байв Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1964: БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914: АНУ-д агааржуулагчийг патентлав.

1945: Италийн удирдагч асан Бенито Муссолини, түүний эхнэр Клара Петаччи нарыг цаазаар авчээ.

1952: Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдаж, Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дуусжээ.

1969: Францын Ерөнхийлөгч Шарль де Голь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзав.

1973: “Pink Floyd” хамтлагийн “The Dark Side of the Moon” цомог Америкийн Billboard чартыг тэргүүлэв. Түүнээс хойш 741 долоо хоног буюу 14 жилийн турш тус чартад бичигджээ.

1978: Афганистанд төрийн эргэлт гарчээ.

2001: АНУ-ын иргэн Деннис Тито анхны сансрын жуулчин болжээ.

Билгийн тооллын 1. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ддашням өдөр.

Өнөөдөр үс засуулбал  нас ахар болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu