Х.Нямбаатар: Багануур, Налайх дүүргийг улсын зэрэглэлтэй ХОТ болгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 24

 

Хүннү хотын байршлын талаар болон үүнээс өөр Улаанбаатар хотын дагуул хот байх эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулахдаа “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаас 2024 онд оруулсан бөгөөд энэ хүрээнд “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Энэ дагуу нийслэлийн Багануур, Налайх дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгохоор, Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр 14 хот байгуулахаар, дагуул Агросити, Багахангай, Шарга морьт хотыг байгуулахаар шийдвэрлэсэн” гэв.

Үүнээс Шинэ Зуунмод хот нь анх удаа корпорацын зарчмаар байгуулагдах аж. Тодруулбал, 80 хувийг Улаанбаатар, 20 хувийг Төв аймаг эзэмших юм байна. Байршлын хувьд Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын буюу Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутгаас 33 мянган га талбайд байгуулах юм байна. 150 мянган оршин суугч бүхий аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв болох төлөвлөлт бүхий хотын бүтээн байгуулалтын явцын талаар мөн танилцууллаа. 

Одоогоор дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээгээд эрчим хүчний эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний тендэр зарлахаар төлөвлөсөн, мөн цэвэрлэх байгууламжийн талаар, газрын дулааны гүний хайгуул эхлүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл өгчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top