"Төрийн банк"-ны киоск машинаас 66 төрлийн лавлагаа, тодорхойлолт авах боломжтой болно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 24

 

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газaр”-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд “Төрийн банк”-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр /2025.01.24/ байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус санамж бичгийн хүрээнд иргэд Монгол улсын хэмжээнд байрлах "Төрийн банк"-ны бүх киоск машинаас өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаарт ирсэн нэг удаагийн кодыг ашиглан төрийн 12 байгууллагын 66 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломж бүрдэх юм.

Иргэд тус киоск машинаас:

• Төрсний бүртгэлийн лавлагаа

• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

• Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

• Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт

• Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа

• Гаалийн зөрчлийн лавлагаа зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос авах юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсээсээ хаашаа ч явсан 20 минутад төрийн үйлчилгээг авдаг байх стандартыг 486 байршил дахь “ХУРДАН” цэг, 237 байршил дахь “ХУРДАН” киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр тус тус дамжуулан хүргэж байгаа билээ.

Харин энэ удаад “Төрийн банк”-тай санамж бичиг байгуулснаар тус стандартын хэрэгжилтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top