УОК: 2700 гаруй малчин өрх малынхаа 70 ба түүнээс дээш хувийг алдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

 

Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ.

ЦУОШГ-ын мэдээллээр, зургаан аймгийн 20 суманд төмөр зудтай байна. Эдгээр сумдад 12,5 мянган малчин өрхийн 5,2 сая мал хаваржиж байна. Цагаан зудтай 16 аймгийн 85 суманд 51,1 мянган малчин өрх, 17,4 сая мал хаваржиж байна. Цагаанаар зудархуу нөхцөл байдалтай 12 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэг байна. Энэ сарын 22-ны байдлаар, нийт нутгийн 50 хувь цасан бүрхүүлтэй байсан бол сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан цас хайлж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 1-9 см, хунгарласан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрөөр шинэчлэн гаргасан мэдээллээр, малын хорогдол таван сая 222 мянгад хүрчээ. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймгууд байна. Улсын хэмжээнд 2700 орчим малчин өрх нийт малынхаа 70 ба түүнээс дээш хувийг алдаад байгаа бол 320 малчин өрх 100 хувь малгүй болжээ.

Малын хорогдлын тоон мэдээлэл долоо хоног бүр шинэчлэгдэж байгаа ба лхагва гарагт шинэ мэдээ гарна.

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд малчдадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Нийт 21 аймгийн хэмжээнд 169555 малчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.Үүнээс 5565 нь жирэмсэн эмэгтэй, 38 мянга гаруй 0-5 насны хүүхэд, 25700 гаруй өндөр настан, 8800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ. Отроор явж байгаа 8300 гаруй малчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар зудад нэрвэгдсэн сумдад резидент эмч нарыг томилон ажиллуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top