Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчдээ нэгдэхийг уриаллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, үүсээд байгаа зудын нөхцөл байдлыг давах туулахад малчдадаа туслах, цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул шар усны үел нүүрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг “Байгалийн гамшгийн эсрэг Баялаг бүтээгчид хамтдаа” аянд нэгдэхийг уриаллаа. Ингэхдээ үйл ажиллагааны мэдээллээ долоо хоног бүрийн пүрэв гарагт Гамшгаас хамгаалах Уул уурхай хүнд үйлдвэрийн улсын албанд ирүүлж, хамтарч ажиллахыг хүссэн байна.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Монгол геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооноос “БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХАМТДАА” аяныг өрнүүлээд байгаа аж. Аянд нэгдэж аливаа тусламж, дэмжлэг үзүүлэхдээ #баялаг_бүтээгчид #baylag_buteegchid хааш тааг ашиглахыг зөвлөжээ.

Харин холбогдох мэдээллийг Гамшгаас хамгаалах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал (Газрын тосны бодлогын газрын шинжээч), Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбатаас авахыг тодотгосон байна.

Утас: 51-264181, 51-263105

И-мэйл: Bayarjargal@mmhi.gov.mn, Sukhbat@mmhi.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top