Гадаад зээлээр өгөөж муутай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь буруу жишиг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

2018-2020 оны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн шинжлэхэд манай улсын Засгийн газар хандивлагч орон, олон улсын байгууллагаас 2018 онд 590.7 сая ам. доллар, 2019 онд 610.2 сая ам. доллар, 2020 онд 1,195.0 сая ам. доллар, нийт 2,395.9 сая ам. долларын гадаад зээл авч ашигласан тухай Нээлттэй нийгэм форумын судалгаанд дурджээ.

Эдгээр гадаад зээлийн 44.1 хувийг төсвийн дэмжлэг, 16.5 хувийг зам, тээвэр, 7.2 хувийг эрчим хүч, 5.3 хувийг усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувийг эрүүл мэнд, 2.5 хувийг боловсролын салбарт тус тус зарцуулжээ.

Сангийн яамны 2019 оны мэдээлэлд тулгуурлан дэлгэрүүлэхэд тухайн төсвийн жилд нийт 111 зээлийн төсөл, 41 тусламжийн төслийг “байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих”, “сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах”, “нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх”, “нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах” болон бусад чиглэлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байжээ. Тодруулбал,
 

  • Нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх ажлын хүрээнд нийт гадаад зээл, тусламжийн 39 хувийг;
     
  • Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр нийт гадаад зээл, тусламжийн 21 хувийг;
     
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр нийт гадаад зээл, тусламжийн 17 хувийг;
     
  • Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд нийт гадаад зээл, тусламжийн 15 хувийг;
     
  • Бусад чиглэлийн төслийн хүрээнд  нийт гадаад зээл, тусламжийн 8 хувийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байв.
     

Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нийт санхүүжилтийн дүнгийн 2018 онд 23.7, 2019 онд 14.8, 2020 онд 20.4 хувийг тус тус гадаад зээл, тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 2018 онд 87.6, 2019 онд 30.4, 2020 онд 55.2 хувийг тус тус санхүүжүүлсэн нь гадаад зээлийн хөрөнгө улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их хэмжээгээр ашиглагддаг гэдгийг харуулж байна. Тиймээс гадаад зээлийг хэр үр дүнтэй ашиглаж байгааг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй байдлаас тодорхой хэмжээгээр харж болно гэсэн үг.

Гэтэл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тухайн газрын сургуулийн насны хүүхдийн тооноос давсан хүчин чадалтай сургуулийн барилга, хөшөө дурсгал барихаар тусгагдаж байгаа талаар шүүмжлэл олонтоо өрнөдөг. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн хөрөнгөөр улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эдийн засгийн үр өгөөж муутай төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хожим нь хүүгийн хамт төлөх нь зөв жишиг биш гэдгийг тодотгожээ.


Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нийт санхүүжилтийн дүнд гадаадын зээл, тусламжийн эзлэх хувь


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top