ЦАГ АГААР: Бямба гаригаас ХАСАХ ХЭМД шилжинэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч, гуравдугаар сарын 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2023 оны дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

Гуравдугаар сарын 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Баасан гаригт буюу гуравдугаар сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top