Эр Рияд үнийн тааз тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Эр Рияд Саудын Арабын газрын тосонд үнийн дээд хэмжээ тогтоосон нэг ч улсад хар алтаа худалдахгүй гэж тус улсын Эрчим хүчний сайд Абдел Азиз бен Салман Аль Сауд мэдэгджээ.

АНУ-ын Сенатаас дэмжлэг авсан газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч картелийн эсрэг хуулийн төслийн талаар тайлбар өгөхдөө тэрбээр Саудын Араб мөн газрын тосны үйлдвэрлэлээ бууруулна хэмээн тэрбээр онцолсон байна. Хуулийн төсөлд тусгаснаар, АНУ-ын Засгийн газар ОПЕК-ийн гишүүн орон болон түншүүдийнх нь эсрэг монополтой холбоотой нэхэмжлэл гаргах боломжтой болох юм.

Аль Саудын хэлснээр, тус хуулийн төслийг баталбал газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүснэ. Түүнчлэн энэ хуулийн төсөл газрын тосны салбарын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт эрэлтээс асар их хоцроход хүргэнэ хэмээн үзэж байна. ОПЕК+ нэгдэл дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд амжилт олж чадсан хэмээн Аль Сауд тодруулжээ.

АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороон 2022 оны тавдугаар сарын 5-нд газрын тос үйлдвэрлэх, экспортлох картелийн эсрэг хуулийн төслийг дэмжсэн билээ. Хуулийн төсөл нь АНУ-ын шүүхэд ОПЕК-ийн гишүүн орнууд болон Вашингтоны үзэж буйгаар газрын тосны зах зээл дээр картелийн хуйвалдаанд оролцож байгаа орнуудын эсрэг гаргасан монополтой холбоотой нэхэмжлэлийг шүүн хэлэлцэх бүрэн эрх олгох зорилготой. Уг хуулийн төслийг сүүлийн 20 жил батлахаар зүтгүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top