Монгол Улс Турк руу 35 хүнтэй баг бүрэлдэхүүнээ илгээлээ

2023 оны 02 сарын 08

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас /2023.02.08/ өглөөний 04:30 цагт Турк улсыг зорилоо.

Монгол Улс Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулахын зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээж буй юм.

Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНТУ-ыг зорьсон Эрэн хайх, аврах багийн гишүүдийн багт Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас бүрдсэн 10 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Дэд хурандаа Л.Лувсандоржоор удирдуулсан Гэмтэл, Яаралтай тусламж, Мэс засал, мэдээгүйжүүлгийн 3 бүлэг 14 хоногийн турш Турк улсад ажиллах юм. Манай эмч нар англи, турк хэлний мэдлэгтэй, Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид ажээ.

Мөн БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын  4 настай "Марта", 3 настай "Балу" дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. "Марта" нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байжээ.
 

Үүрэг гүйцэтгэх баг бүрэлдэхүүнийг явахаас өмнө Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордох гэж байгаа та бүхэн  хүлээн авагач улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн эргэн ирэхийг та бүхэндээ хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж байгаа та бүхэнд баярлалаа. Нэг ч хүний амь аврахгүй байсан ч гэсэн хүнд бэрх цагт монголчууд та бүхний гаргасан энэхүү халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэсэн юм.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.160.55) 2023 оны 02 сарын 08

Сайн яваад ирээрэй, бас өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа бодож ажиллаарай залуус аа.

1  |  0
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 08

сайн яваад ирээрэй

1  |  0
Top