Газрын тухай хууль 2002 оноос хойш 32 удаа өөрчлөгджээ

Т.Хөвсгөл | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулсан Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг даваа гаригт /2023.02.06/ боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ "Засгийн газраас Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай долоон хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлээд байна. Байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн болон орон нутгийн байгууллагууд, төрийн, орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л институцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Газар бол эдийн засгийн харилцааны суурь баялаг.

Хүний амьдралын ч чухал үндэс. Монгол Улсын нийт газар нутгийн 72.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, газар тариалан, 16.7 хувь нь тусгай хэрэгцээт, 0.6 хувь нь хот тосгон бусад суурины газар эзэлж байна. Мөн хөдөө аж ахуйн газрын 96.1 хувийг бэлчээрийн газар, үлдсэн хувийг газар тариалан, хадлан, атаршсан газар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд газар, түүний хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Ийм учраас газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн өөрчлөх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой” гэв.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх шинэчлэх цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэх гэж байгаа гэдгийг албаныхан онцлон тэмдэглэв. Мөн хэлэлцүүлэгт БХБ-ын сайд Ц.Даваасүрэн оролцож, Газрын багц хуулийн төслийн талаар илтгэл тавьсан.

Тэрбээр “Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Иймд энэ байдлыг өөрчилж, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу Газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэдгийг онцолсон байна.

Мөн цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгосноор газрын хууль бус, далд арилжааг зогсоож, татварын бааз суурийг өргөжүүлэн газар, үл хөдлөх эд хөрөнгөөс улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх юм. Монгол Улсын иргэд хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ, түүнээс гадна иргэн, хуулийн этгээд газрын хязгаарлагдмал эрхээ дуудлага худалдаагаар худалдах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, тэрхүү үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хараат бус байх зохицуулалтыг шинээр тусгасан гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top