Японы BIG APPLE SCRAMBLE сайт хип хоп соёлыг онцгой арга замаар хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэн, цаг хугацаа, орон зайг туулах өвийг бүтээж буй дэлхийн томоохон уран бүтээлчдийг танилцуулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тус сайт Монголын рэппер, "Тоонот" студийг үүсгэн байгуулагчдын нэг Десантыг онцлон, 2023 онд ярилцлага авсныг та бүхэнд япон хэлнээс орчуулан хүргэж байна.
Ярилцлага, гэрэл зургийг: Ацүко Танака
Эх сурвалж: https://www.bigapplescramble.com/features-desant-jp
Монголоос Японд хоёр онцгой рэп дуучин ирлээ. Тэдний нэр Десант, Gennie. Хүмүүс сайн мэддэггүй байж болох ч үнэндээ Монгол бол хип хоп хөгжмийн Их гүрэн. 1992 онд социализм задран унаж, ардчилсан систем тогтсоны дараа Монголд гадаадын хөгжим орж ирэн, уламжлалт өнгө аястай хосолсон монгол хип хоп үүсэж, залуучуудыг байлдан дагуулсан урлаг болон хөгжжээ. Өнөөдөр та бүхэнд танилцуулах Desant бол 34 настай, монгол хип хоп хөгжмийн хоёр дахь үеийг төлөөлөх уран бүтээлчдийн нэг юм. Бага ангиасаа хип хоп сонирхон, 17 настайдаа дөрвөн найзтайгаа хамт “Gangsta Service” нэртэй хамтлаг байгуулжээ. Мөн “Click Click Boom” хамтлагт болон ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж байгаад одоо өөрийн үүсгэн байгуулалцсан “Тоонот” студид залуу дуучдын продюсерээр ажиллаж байна. Түүнтэй уулзаж, амьдрал, уран бүтээл, Монголын хип хопын талаар ярилцлаа.
-Япон орны тухай сэтгэгдлээр тань ярилцлагаа эхэлье.
-Япон орныг эртнээс сонирхдог, очиж үзэх сэн гэж боддог байлаа. Гэвч коронавирусний улмаас виза гардаггүй байсан. Харин одоо Японд ирээд үнэхээр их баяртай байна. Японы дуу хөгжим маш өвөрмөц, соёлын хувьд ч якүза, самурай, гэйшя гээд өөр хаана ч байхгүй зүйл олон тул маш сонирхолтой байна.
-Таны амьдралын талаар асуумаар байна. Завхан аймгийн Яруу сумын уугуул гэсэн. Ямар газарт, ямар орчинд өсөж хүмүүжив?
-Нийслэл Улаанбаатараас баруун тийш 1100 км газарт оршдог, говь, хангай хосолсон, ой модтой нутаг. Би малчин хүү. Монголын зун нь гуравхан сарын хугацаатай богинохон ч зундаа эмээгийнхээ гэрт очиж, мал хариулж, өссөн.
-Багадаа ямар хүүхэд байв?
-Хөдөлгөөнтэй, дэггүй хүүхэд байлаа. Хөдөө хийх зүйл цөөхөн болохоор хээр талд гүйж, харайж өссөн гэхэд болно.
-Эцэг эх тань ямар хүмүүс вэ, хүүгээ яаж сурган, хүмүүжүүлж байв?
-Аав сумын даргын жолооч, ээж цэцэрлэгийн багш байсан. Хоёулаа хатуу ширүүн хүмүүс тул буруу зүйл хийх болгондоо загнуулдаг байлаа.
-Дөрөвдүгээр ангид байхдаа Улаанбаатарын захын хороололд нүүж ирсэн гэсэн. Хотод ирээд амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
-Хотод урьд нь огт ирж байгаагүй ч онгоцны цонхоор Улаанбаатарыг хараад “Энэ бол миний амьдрах ёстой газар” гэж бодож билээ. Хотод хүн олон, мэдээлэл авах, тархах нь маш хурдан тул хөдөөний нам жим амьдралаас илүү өөртөө таарах юм байна гэж мэдэрсэн.
-Ахлах, дунд ангид байхдаа ямар сурагч байв? Юу хийж, юу сонирхдог байв?
-Ер нь сахилгагүй, муу талдаа хүүхдийн тоонд ордог байлаа. Хичээл сурлагадаа муу биш ч долоодугаар ангиасаа хичээлээсээ илүү хөгжим сонирхдог болсон. Тэр үеэс л дуу хөгжмөөр амьдарна даа гэж бодож эхэлсэн юм.
-Хэний нөлөөгөөр хөгжим сонсож эхлэв?
-Эргэн тойрны маань бүх хүн хөгжим сонсдог байлаа. Тэр үед монгол хип хоп хөгжим MCIT гэдэг рэп дуучны “Дайн ба Энх” хамтлаг л гарч ирж байсан үе тул би “2Pac” болон тэр үед ид моодонд байсан Эминем гэсэн америк хип хоп их сонсдог байлаа. Эминемийн “8 Mile” кино надад их нөлөөлсөн. Тэр үед продюсер гэсэн мэргэжил байдгийг мэддэггүй байсан ч тэдэн шиг дуу зохиодог хүн болохыг хүсдэг байлаа.
-Барууны хип хоп дууны утгыг ойлгох гэж их оролддог байсан гэсэн. Англи хэл яаж сурсан бэ?
-Толь бичиг байхгүй, юу хэлээд байгааг нь ойлгохгүй ч сонсголоороо үгийг нь бичээд, дууны уур амьсгал, дүрээс нь ийм зүйл дуулж байна даа гэж төсөөлдөг байсан. Анхааралтай сонсоод байтал байнга хэрэглэгддэг хэллэг байгааг анзаарч мэдсэн юм.
-Их сонирхолтой байна. Жишээ нь, ямар хэллэг?
- Buddy, мөн Bro гээд л. Би Buddy-г нь гөлөг, Bro-г нь цус гэж боддог байлаа. Дараа нь л жинхэнэ утгыг нь ойлгосон.
-Ийм хөгжмүүд сонссоор байгаад өөрөө рэп дуучин больё гэж бодсон хэрэг үү?
-Тиймээ, эхлээд дууны үг бичдэг болсон. Тэр үеийн Монголын хип хопын анхны үе гэгддэг дуучид үгний толгой холбож дуулдаг байлаа. Харин гадаад дуучид сүүл холбож дуулж байгааг анзаарсан. Ингээд өөрөө тийм маягаар үг бичихэд илүү амар байлаа. Мөн илүү гоё санагдсан.
-Тэр үед рэп дуучин болно гэхээсээ илүү сонирхлоороо хийж байсан санагдлаа. Дуучин болох алхмаа яг яаж эхлүүлэв?
-Өөрийн ур чадвараа хэрхэн сайжруулах вэ гэж байнга бодон, үргэлжлүүлэн ажилласаар одоо дуу хөгжмөөр хоолоо олж идэж чадаж байгаа ч үнэнийг хэлэхэд яаж мэргэжлийн дуучин болов гэж асуухаар юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Гэхдээ юуны өмнө адилхан гэр хорооллын, өөрөөсөө гурван насаар ах Pound гэдэг хүүтэй танилцаж, ижилхэн хөгжим сонсдог байсан болохоор хамтдаа ажиллая гэж ярилцсан. Дараа нь Niiggma, Panz хоёртой нийлж, “Gangsta Service” гэдэг хамтлаг байгуулсан. 18, 19 настай байсан үе. Энэ хамтлагтаа хоёр, гурван жил болоод нэг цомог гаргасан. Дашрамд хэлэхэд Десант гэдэг нь орос хэлээр “агаарын цэрэг” гэсэн утгатай. Хамтлагийн бусад гишүүдийн нэр ч өвөрмөц тул хүмүүс амархан тогтоож байлаа.
-Та “Click Click Boom” гэсэн хамтлагт бас байсан гэсэн. Яагаад энэ хамтлагт орох болов?
-KA гэдэг рэп найз маань намайг гэр хорооллыг төлөөлдөг дуучин Gee-тэй танилцуулсан. Адилхан гэр хороолын хүмүүс байна, хамтрах уу гэж Gee санал тавихад нь түүний “Click Click Boom” группт орсон юм. Дараа нь ганцаараа ажиллах болсон ч би одоо ч “Click Click Boom”, “Gangsta Service” хамтлагынхаа гишүүн хэвээр байгаа. Монголын хип хопчид рок хөгжмийн хамтлагуудаас өөр нь хаана ч харьяалагдах боломжтой, ямар нэг зүйл хийхийг хүссэн үедээ нэгдэж чаддаг.
-“Тоонот” студийг хэзээ байгуулсан бэ?
-2017 онд үүсгэн байгуулж, одоо тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь би “Hustler Music” гэдэг студид харьялагддаг байсан ч өөрөө албан ёсны компани байгуулж, реппер, ерөнхий продюсерийн хувьд хөгжим, MV продакшн дээр ажилладаг.
-Та түрүүн яаж мэргэжлийн дуучин болсноо хэлэхэд хэцүү байна гэж ярьсан. Тэгвэл рэп дуучны хувьд үнэлэгдэж байна гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ?
-Дуу зохиож байхад хэзээ нэгэн цагт зарагдана гэдгээ эртнээс мэддэг байсан ч яг мэдэрсэн нь 2008 онд “Gangsta Service” хамтлагын маань “Hood” гэдэг дуу хит болж, телевизээр байнга цацагдаг болсон тэр үе. Энэ үеэс бид Монгоын хип хопын хоёр дахь үе гэж нэрлэгдэн, анхаарлын төвд орж эхэлсэн юм.
-Та өөрийнхөө хамгийн алдартай дууг нэрлээч.
-Гурван жилийн өмнө гаргасан “In this game”. Хип хопыг тоглоомоор төсөөлөн, өөрийн туулж ирсэн амьдрал, найз нарынхаа тухай бичсэн дуу. Яагаад хип хопыг тоглоомтой зүйрлэсэн гэхээр дуу хөгжим зохиох систем, дүрмийг нэгтгэж, дууны чанар, чансааг дээшлүүлж, өмнө үеийнхээ хийж байсан зүйлийг бид өөрчилж чадсан гэж бодсон болохоор тэр юм.
-Замналынхаа туршид хамгийн баярласан зүйл юу вэ?
-Ингээд Японд ирээд тоглолт хийж, ярилцлага өгөөд сууж байгаа минь баяртай байна.
-Өнөөгийн Монголын хип хопын талаар яриач. Ямар стиль илүү хөгжсөн бэ?
-Монголын хөгжмийн 80 хувь нь хип хоп тул хөгжмийн ертөнцөд хип хоп ноёлж байна гэж хэлэхэд буруудахгүй. Хориос доош насны залуучууд trap, drill урсгалд их дуртай. Бүгд монгол гэлтгүй гадаадын ч хип хоп сонсох дуртай.
-Таны рэп эхэлж байсан 17 жилийн өмнөх үетэй харьцуулахад Мнголын хип хоп хөгжим хэрхэн өөрчлөгдөв?
-Маш их өөрчлөгдсөн. Өмнө нь лэйбл байгуулж, хөгжим зохиох гэдэг зүйл байгаагүй. Янз бүрийн техник хэрэглэл орж ирснээр ур чадвар ч сайжирлаа. Эмх замбараагүй ертөнц байсан бол одоо шинэ залуу дуучин ч шат дамжин өгсөж чадахаар тодорхой системтэй болсон. Хип хоп соёл Монголын өргөн уудам нутгаар бүрэн тархаж чадсан.
-Та одоо залуу дуучдын продюсер хийж байгаа гэсэн.
-Нэлээд эртнээс хийж байгаа. Цаашдаа ч залуучуудад туслаж, дэмжих бодолтой. Хип хоп бол нэг нэгэндээ туслаж, дэмждэг соёл юм.
-Онцолж хэлэх залуу рэп дуучныг нэрлээч.
- ThunderZ байна даа. Дүү минь гэж хэлэхэд болно. Тэр ёстой будаа болгоно шүү дээ.
-Японы хип хоп сонсдог уу?
-Барууны хип хоп сонсоно, drill ялангуяа. Японы хип хопыг бараг мэдэхгүй ч манай KA хагас жилийн өмнөөс Токиод амьдардаг болсон болохоор түүнээр дамжуулан мэдээлэл авч байна. Японы рэп дуучидтай хамтран ажиллах санаа ч бий.
-Их сайхан хэрэг байна. Дуртай дуучин?
- Dre, 50 Cent, Jay Z, 2Pac, Rick Ross, Lil Baby. Дашрамд хэлэхэд 2Pac бол Монголын хип хопчдын хувьд Бурхан л гэсэн үг. Хэзээ ч сонссон байнга шинэлэг санагддаг.
-Хамтран дуулах хүсэлтэй дуучин гэвэл?
- Dre, The Game. Хамтран ажиллах болбол ёстой сайхан даа.
-Өөрийн рэп стилийг нэг үгээр тодорхойлбол?
- Gangsta.
-Дууны үгнүүдээсээ хамгийн их таалагддаг үгээ хэлбэл?
-Дуртай дуу цаг цагтаа өөрчлөгддөг ч одоо бол өнгөрсөн жил гаргасан “4.12” дуундаа дуртай. Энэ дууны “Өөрөөсөө хэцүү дайсныг ялж үзсэнгүй” их таалагддаг. Яагаад дуугаа 4.12 гэж нэрлэсэн бэ гэхээр дуу төрсөн өдөр байгаа юм. Хэмнэл сайтай, үг нь миний амьдралын зарчмыг илэрхийлж чадсан гэж боддог.
-Цаашдаа хип хоп хөгжмөөр юуг илэрхийлж явах хүсэлтэй байна вэ?
-Улс төрийн агуулгатай дуу надад байдаг ч хамгийн чухал нь хип хоп соёлыг дамжуулах явдал гэж боддог болохоор хэт улстөржихгүй байхыг боддог. Анд найзын нөхөрлөл болон өөрийгөө илэрхийлж явахыг хүсч байна.
-Таны цаашдын мөрөөдөл, зорилго?
-Монголын өвөрмөц, өөрийн гэсэн хөгжмийг дэлхий дахинд таниулах мөрөөдөлтэй. Үүний тулд одоо хичээн зүтгэж байгаа ч улам илүү шаргуу ажилламаар байна.
-Эцэст нь Десантын хувьд хип хоп гэж юу вэ?
-Тоглоом. Учир нь би бол тоглогч.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)