Apple компанийн үнэлгээ 2 их наяд ам.доллар болж УНАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

 

Өнгөрсөн мягмар гарагт Apple компанийн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээ огцом буурч, 2021 оны гуравдугаар сараас хойш анх удаа 2 их наяд ам.доллараас доош буулаа. 

iPhone үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн жил зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларт хүрсэн анхны компани болсон. Дэлхий нийтээр инфляци өсөж, эдийн засаг удааширч байгаа өнөө үед Apple компаниас гаргаж байгаа төхөөрөмжүүдийн эрэлт буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Apple компани ханган нийлүүлэгчдэдээ чихэвч, цаг, зөөврийн компьютерүүдийнхээ эд ангиудыг цөөн тоогоор үйлдвэрлэх чиглэл өгсөн байна. 

2023 онд Apple компани iPhone загварын гар утас 245 сая ширхэгийг боруулах зорилт тавьсан байсан ч үүнийгээ 224 сая ширхэг болгон бууруулжээ. Тус компанийн одоогийн үнэлгээ 1.99 их наяд ам.доллар байгаа бол Microsoft корпорац 1.8 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна. 

2007 онд компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс iPhone гар утсаа худалдаанд гаргаж байх үед Apple-ийн хувьцааг худалдан авсан хүмүүс ноогдол ашгийг тооцолгүйгээр хувьцаагаа 4000 дахин өсгөж чадсан. Энэ удаад хэрэглэгчид өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авахаас татгалзаж, хэмнэлт хийж эхэлсэн нь хувьцаа эзэмшигч болон Apple компани, түүний ханган нийлүүлэгчдэд хүнд цохилт болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top