Монгол, Оросын байгалийн хийн салбарын цахим уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас “Международный круглый стол Монголо-Российских специалистов нефтегазовой отрасли” сэдэвт уулзалтыг цахимаар зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан 960 гаруй км урттай байгалийн хийн хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэл батлагдан хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү байгалийн хий дамжуулах шугам хоолойн диаметр 1420мм, газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд, маршрутын дагуу 3-5 компрессорын станцтай, хамгаалалтын өргөний зурвас 800 м, даралт 11.8-14.7 МПа байх бөгөөд жилд 50 тэрбум м3 байгалийн хий дамжуулах хүчин чадалтай юм.

Байгалийн хий дамжуулах шугам хоолойн бүтээн байгуулалтанд Монгол, ОХУ-ын газрын тос, хийн салбарын ИТА, мэргэжилтнүүд, судлаач нар хамтарч оролцох учраас хамтын ажиллагааны эхлэл болгон олон улсын дугуй ширээний цахим ярилцлагыг зохион байгуулсан байна.

Монгол-Оросын газрын тос, хийн салбарын мэргэжилтнүүдийн дугуй ширээний ярилцлагад ОХУ-ын Томск хотод байрлалтай “ТОМКО” ХК-ийн захирал, геологийн ухааны доктор (PhD) Ростовцев В.Н., Үндэсний Судалгааны Технологийн Их Сургууль-МИСиС-ийн Уул уурхайн үйлдвэрлэийн экологи, аюулгүй байдлын тэнхимийн профессор, техникийн ухааны доктор (ScD)  Батугин А.С., Томскийн Их Сургуулийн Шинжлэх ухаан, техник, технологийн инновацийн газрын дарга Головатов М.А. нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол Монголын талаас ГТӨС-ын ахлах багш Д.Ургамалсувд, дэд профессор В.Алимаа, салбарын эрхлэгч М.Оюунтөгс нар илтгэл хэлэлцүүлж, харилцан ярилцлаа.

Дугуй ширээний ярилцлагын үеэр Томскийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, газрын тос, хийн салбарын мэргэжилтнүүдийн дараагийн цахим/танхимын уулзалтыг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан хийхээр тохирсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top