Аяныг хэрэгжүүлснээр гал түймрийн тоо, хохирол 15%-аар буурсан байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн тоо хохирлыг бууруулах, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, иргэдэд галын аюулгүй байдлаа хангах мэдлэг, мэдээллийг цахим орчинд түгээх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг аравдугаар сарын 03-аас 11 дүгээр сарын 14-ийг хүртэл зохион байгууллаа.

Аяны хүрээнд иргэдэд гэр, орон сууц, орчны галын аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж  зурагт хуудас, видео сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг цахим орчинд түгээж, давхардсан тоогоор 1.8 сая фейсбүүк хэрэглэгчээс хандалт авсан. Тус аяныг хэрэгжүүлсэн хугацаанд гал түймрийн тоо, хохирол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар буурсан байна.

Аяны хүрээнд НОБГ-ын алба хаагчид, “Таван толгой түлш” ХХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан, албан хаагчидтай хамтран 110 мянга гаруй өрхийг хамруулан, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.

Мөн лед дэлгэцээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 1310 удаа, тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 90 байршилд 1295 удаагийн давтамжтайгаар мэдээлэл хүргэсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top