Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар нээлтээ хийлээ

2022 оны 10 сарын 31

Засгийн газрын 2022 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Эрэн хайх, аврах салбарыг тус суманд байгуулснаар Хутаг-Өндөр болон хил залгаа сумдын  ард, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэж байна.  Эрэн хайх, аврах салбарын байрны асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх засвар үйлчилгээг орон нутгийн төсөв хөрөнгөөр хийж, сумынхаа ард, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлсэн Булган аймаг болон Хутаг-Өндөр сумын удирдлагууд та бүхэндээ талархал илэрхийлье. Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид та бүхэн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутаг, байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж манлайлан ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” гэлээ.

Эрэн хайх, аврах салбар нь Хөвсгөл аймгийн Тариалан, аймгийн Хишиг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ сумдад хүрч үйлчлэх юм.

Салбарын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, 30 сая төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top