Жүдо ДАШТ: Эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-д хэн түрүүлэх вэ?

2022 оны 10 сарын 06

Энэ сарын 6-13-нд Узбекистанд жүдо бөхийн ДАШТ явагдана. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхлэх бөгөөд барилдаан 13.30 цагаас эхлэх юм.

Өнөөдрийн барилдаан тун чухал. Учир нь эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жинд манайх дөрвөн бөхөө гаргаж байгаа. Эхний өдөр медаль авбал цаашдаа багийн уур амьсгал, урам зоригт тун хэрэгтэй байдаг билээ.

Эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглоно.
 

Эрэгтэй 60 кг

"А"

Э.Сумъяабазарын энэ хэсгийг “Үхлийн хэсэг” гэж тодорхойлоход болно. А хэсгийг олимпын медальт Янг Юнг Вей толгойлж байна. Энд Казахстаны дэлхийн аварга Елдос Сметов, Азербайжаны дэлхийн медальт Карамат Гусейнов, Францын Седрик Револ нар байна. Манай бөх эхний тойрогт Египетийн 19 настай залуу Youssry Samy-тэй барилдана. Энэ жил гурван тэмцээнд оролцож, 6 ялсан. Түүнийг давахад Мароккогийн Younes Saddiki-тай таарна. Тивийн аваргын 4 хүрэл, Африкийн нээлттэй тэмцээний гурван хүрэл медальтай. Ингээд дараа нь Янг Юнг Вейтэй барилдах магадлал өндөр.

"B"

Энд Европын аварга Испанийн Франциско Гарригос хамгийн дээр бичигдэж, доороос нь Японы гурван удаагийн дэлхийн аварга Наохиса Такато гараад ирэх шинжтэй. Битүү мориор Германы Мориц Плафки, Өмнөд Солонгосын Сунгбим Жеон нэрлэгджээ.

"С"

Их Дуулга тэмцээний хошой аварга, Бельгийн Йорре Ферштреттен С хэсгийг тэргүүлж байна. Манай Э.Ариунболд Чехийн Давид Пулкрабектай барилдана. Цуврал тэмцээний 2 хүрэл медальт түүнтэй манай бөх өмнө нь таарч байгаагүй. Түүнийг ялахад 2021 оны Мастерс тэмцээний хүрэл, Их Дуулга тэмцэээний гурван хүрэл медальтай, Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдана. Энэ хэсэгт манай бөхөөс гадна Италийн Анжело Понтано, казах бөх Магжан Шамшадин, Францын Ромейн Валадьер-Пикард нарын залуучууд байна.

"D"

2019 оны дэлхийн аварга, Гүржийн Лухум Чхвимианид хамгийн хөнгөн хэсэг оногдсон бололтой. Түүний өрсөлдөгчөөр Украины Артём Лесюк, БНСУ-ын И Харим хоёрыг нэрлэж болох юм.

Эмэгтэй 48 кг

"А"

Европын аварга Ширин Боукли чансааны дагуу энэ хэсгийг тэргүүлсэн. Манай залуу тамирчин Б.Баасанхүү АНУ-ын залуу бөх Жованна Прадотой таарсан. Түүнийг ялахад зургаа дахь удаагаа  ДАШТ-д оролцож байгаа Сербийн Милица Николичтой барилдана. Европын АШТ-ий хүрэл медальт, Их Дуулга тэмцээний 10, Гран При тэмцээний 9 медальт Милицатай Б.Баасанхүү өмнө нь таарч байгаагүй ажээ. Ер нь бол манай бөх битүү мориор давхиж байгаа.  

"В"

Энд дэлхийн цувралын 15 медальтай Израилын Шира Ришони, өсвөрийн дэлхийн аваргын медальт, Италийн Ассунта Скутто, Японы дэлхийн аварга Нацүми Цүнода нарыг онцолж болох юм.

"С"

Энэ хэсгийг Португалын Гран При тэмцээний аварга Катарина Коста тэргүүлж байна. Г.Наранцэцэг эхний барилдаанаа Америкийн куба жүдоч Maria Celia Laborde-тэй хийх юм. Европын наадмын хүрэл медальт, Их Дуулга тэмцээний хос медальт Австрийн Катарина Танцер, Анталья Их Дуулгын аварга, Италийн Франческа Милани нар дээд талд байгаа тул манай бөх хэсгийн аваргын төлөө гарах бүрэн боломжтой.

"D"

Энэ хэсэгт дэлхийн аварга, олимпын медальт Японы Фүна Тонаки тэргүүлж, түүнтэй Словенийн Маруся Станжар, Сербийн Адреа Стоядинов, Испанийн Жулия Фегуера, Өмнөд Солонгосын Хейкейонг Ли нар өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СО(202.70.37.69) 2022 оны 10 сарын 06

Баасанхүү л түрүүлж магадгүй дээ

0  |  0
Зочин(192.82.70.254) 2022 оны 10 сарын 06

Хэн туруулэх нь маньд юуны хамаа, лав л манайхнаас туруулэхгуй нь тодорхой

0  |  0
Зочин(202.126.90.7) 2022 оны 10 сарын 06

Ихэнх жуулчдаас бүрдсэн багаас нэг их юм горьдолтгүй байх аа, ганц нэг хүрэл авах боломж юу байна л гэж харж байгаа биз дээ

0  |  0
Top