Их Британийн хааны шинэ тэмдгийг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Букингемийн ордон Их Британийн III Чарльз хааныг өргөмжилсөнтэй холбогдуулан цэргийн дүрэмт хувцас, шуудангийн хайрцагт хэрэглэдэг хааны шинэ таних тэмдгийг танилцууллаа.

Шинэчилсэн монограм нь Тюдорын угсааны хаадын титмийн дүрс, шинэ хааны нэрийн эхний үсэг C /Charles/ R /Rex - лат. хаан/, III ром тооноос бүрджээ. Шотландад тэмдгийг хар өнгөтэй шотланд титмийн дүрс бүхий тэмдэг хэрэглэх юм байна. Үндэсний шинэ тэмдгийг Их Британийн Сүлд судлалын танхимаас санал болгосон 10 хувилбараас Чарльз хаан өөрөө сонголт хийжээ. II Элизабет хатан хааны тэмдэг нэрийн эхний үсэг болон Гэгээн Эдуардын титмээр шинэ тэмдгээс ялгаатай байжээ.

III Чарльз хаан хаан ширээнд заларсны дараа VII Эдуард, V Жорж, VIII Эдуард, VI Жорж хаадын хэрэглэж байсан Тюдорын угсааны хаадын титмийг сонгосон байна. Эл титмийн эх хувилбарыг Английн хувьсгалын удирдагч Оливер Кромвел I Чарльз хааныг цаазалж, бүгд найрамдах улсыг тунхагласны дараа устгасан гэж үздэг. Шинэ тэмдгийг шуудангийн хайрцаг, төрийн байгууллагуудын байр, цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас болон албан ёсны баримт бичигт хэрэглэх юм.

Хатан хааны хуучин тэмдгийг солих ажил үе шаттай үргэлжилнэ. Их Британид II Элизабет хатан хааны үед байрлуулсан нийт 70 мянган шуудангийн хайрцаг байдаг байна. Түүнчлэн, хатан хаан Викториа, VII Эдуард, V Жорж, VIII Эдуард, VI Жоржийн үеийн шуудангийн хайрцгууд мөн бий.

Үүнээс гадна Их Британид хаан III Чарльзын дүрс бүхий зоос, мөнгөн тэмдэгт, шуудангийн марк аажмаар эргэлтэд орж ирнэ гэж Букингемийн ордон мэдээлжээ. Энэ үйл явц удаан үргэлжлэх тул нэг хэсэг хатан хаан болон хааны дүрс бүхий зоос эргэлтэд нэгэн зэрэг байсаар байх гэнэ. Өдгөө тус улсад хатан хааны дүрс бүхий 27 тэрбум зоос эргэлдэж байна. Английн Банкны мэдээлснээр, хаан III Чарльзын дүрс бүхий мөнгөн тэмдэгт 2024 оны дунд үед эргэлтэд орж ирэх ба энэ оны сүүлээр мөнгөн тэмдэгтийн загварыг танилцуулахаар төлөвлөж байна.

Хааны шуудангийн албаны мэдээлснээр, хатан хааны дүрс бүхий шуудангийн маркийн нөөц дуусах үед шинэ хааны дүрстэй марк гарна. Ингэхдээ, хатан хааны дүрс бүхий мөнгөн тэмдэг, марк хүчинтэй хэвээр байх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.250) 2022 оны 10 сарын 25

Carlos

0  |  0
Top