Л.Ганхүү: Ноён нуруутай явахад алба маань бахархмаар их нөлөөлдөг

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Хагас зуун жилийн түүхт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангид 18 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Ганхүүг “Аврагчийн хөрөг” буландаа энэ удаад онцоллоо.


-Юуны өмнө түүхт 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье?

Баярлалаа. Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн тулгын чулууг тавилцсан цагаас өнөөдрийг хүртэлх түүхийг бүтээлцэж байгаа үе, үеийн ахмадууд, залуу үеийнхэндээ баярын мэнд хүргэе. Миний хувьд энэ сайхан албанд 18 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 

-Түүх гэдэг өнөөдрийг бүтээж, ирээдүйг зураглах боломжийг олгодог. Таны албатай холбогдсон тэр үеийн тухай яриа өрнүүлбэл?

Хүүхэд байхад манай гэр галын байр, цагдаагийн байртай ойрхон. Өөрөөр хэлбэл нэг дор цуг байрладаг байлаа.  Байрныхаа үеийн хүүхдүүдтэй тэр хавиар их тоглоно. Тоглох зуураа цэргийн хувцастай ах нарыг хараад л бахархал төрнө. Өвлийн хүйтэнд шинель, савхин бээлий өмссөн, гялалзсан хар гуталтай.  Малгайныхаа чихийг буулгахгүй даарсан шинжгүй бүр халууцаад хөлс нь гарчихсан уур савсуулаад л алхаж байгаа нь гоё бас сүрдмээр харагддаг байлаа. Ингэж л энэ албанд татагдах болсон доо. Анх 2001 онд Гал түймэртэй тэмцэх алба гэж байхад ороод хоёр жил ажиллаад гурван жил завсарласан. Тэгээд 2006 онд нэгдсэн тогтолцоонд шилжээд Онцгой байдлын алба болсон байх үед нь эргэж албандаа орж, үүрэг гүйцэтгэх болсон.  Жилээс жилд өргөжин, сүүлийн үеийн машин техник, зэвсэглэмжээр байнга шинэчлэгдэн сайжирч байгаад аврагч хүний хувьд үргэлж талархалтай явдаг. Цаашид дэлхийн бусад улс оронтой ижил түвшинд хүртэл хөгжинө гэдэгт итгэл дүүрэн ажилладаг.

-Анхны дуудлага бас тухайн хүнийг аврагч болох хамгийн том шалгуур нь болдог юм шиг санагддаг?

Тийм шүү. Маш тод санаж байна. Өвлийн орон сууц шатаж байна гэсэн дуудлага байсан. Утаа ихтэй, галын нөөлөг нь нулимс гоожуулаад юу ч харж чадахгүй. Шинэ болохоор бас нэлээд айдастай. Галын голомтоо олохгүй хамаагүй усаа цацаад дарга болон ах гал сөнөөгч нараасаа зэмлэл хүртэж байлаа. Анхны бүхэн сорил бас туршлага болдог. Түүнээс хойш ах нарынхаа арга барилаар суралцаж, өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулсаар өөрөө өнөөдөр сургадаг, зөвлөдөг хүн нь болчихсон байна. Манай аймаг тал, хээр хосолсон намхан толгодтой. Хавар, намартаа хээрийн түймрийн дуудлага их гарна. Мал, амьтны халдварт өвчний дуудлага тасрахгүй. Тухайн нөхцөл байдлаас хамаараад үүрэг гүйцэтгэх хугацаа өөр, өөр байдаг.

-Үе, үеийн төлөөллүүдтэй хамт ажиллаж, үүрэг гүйцэтгэж байна. Дуудлагаар ажиллаж байх үеийн дурсамжит сургамжууд их биз?  

 2010 онд хээрийн түймрийн дуудлагаар ажиллаж байсан үеийн нэг үйл явдлыг байнга санаж явдаг юм. Намрын хээрийн түймэр л дээ. Салхи ихтэй учраас түймрийн тархалт өндөр бас өвс ихтэй. Түймэр гарсан газрын ойролцоо 2-3 хот айлтай. Тухайн айлуудыг хамгаалж ажиллаж байтал салхи гэнэт эргээд шороо болон түймрийн утаа холилдоод үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тухайн үед туршлагатай олон  ч ах нартай хамт явсан. Ахлах ахлагч Г.Мөнхсайхан, Ц.Ганзориг, Ц.Тайванбаатар, ахлагч О.Дамдин, дэд ахлагч Ш.Өлзийтогтох нарын хамт. Бүлгийг Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Батгэрэл ахалж явлаа. Салхи ихтэй учраас уруудалгүй сөрж гарцгаасан. Албанд ороод хоёр жил болж байсан залуу маань уруудаж гүйгээд байхаар нь ахлах ахлагч Г.Мөнхсайхан хөтлөөд гарсан байгаа юм. Галын уулга өнгөрөөд орчин, тойрны юмс харагдаж эхлэхэд манай бүлэг болон бусад бүлгүүдэд мэдээ ирж байна. Айл хамгаалж байсан нэг бүлэг уулганд дайруулсан зарим нэг нь олдохгүй байна гээд. Тэгээд нөгөө бүлгийн ажиллаж байсан газар очтол хоёр аврагчийн маань нүүр, гарын арьс цэврүүтээд ус гүйгээд хууларчихсан их л эвгүй харагдаж билээ. Бас нэг аврагч маань үлээгчтэйгээ сураггүй. Эрэл, хайгуул хийж явтал эсэн мэнд байна. Нулимс нь цийлэгнээд л баярлаж, угтацгааж билээ. Ажлын маань онцлог юм даа. Нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэл, хамт олноо гэсэн итгэл ийм л байдаг байх гэж бодогдож билээ.

Мөн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн “Баян-Овоо”-оос, Түмэнцогт сумын “Чонот” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар Эрэн хайх, аврах бүлгийн дарга, хошууч Ж.Мөнххүрэлээр ахлуулж тус түймэрт явсан юм.  Түймэр маш их га талбайг хамарсан, салхи 24 м/с-ийн хурдтай гээд хүндрэлтэй байлаа. Олон ч хоног үргэлжилсэн. Нэмэлтээр Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, нийслэлээс Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ирж ажилласан. Улсын хэмжээнд их хохирол учруулсан түймрүүдийн нэг. Түймрийг унтраахад гар бие оролцсон 9 алба хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн хүндэт” тэмдгээр шагнахад миний бие багтсанд бахархалтай  байдаг даа.

Дуудлага бүрээс л суралцаж, туршлагажиж байгаагийн илрэл шүү дээ?

Хүний амь нас, эрүүл мэндийг аварна гэдэг юугаар ч илэрхийлэмгүй. Албаны маань төрдөө өргөсөн тангараг бол эр зоригийн илэрхийлэл гэж ойлгодог.  Нөгөө талдаа бид бурхны авралын мутар нь гэж боддог шүү.

-Таныг ном унших дуртай гэж сонссон юм байна? 

Хүүхэд байхын л үлгэрийн болон уран зохиолын ном их уншдаг байсан. Зохиолын баатруудынхаа дүрд орчихоод бодолдоо төсөөлөөд, түүнийгээ мөрөөдөж л өссөн дөө. Одоо ч адилхан цаг зав гарвал ном их уншина. Сэтгэл, санаагаа амраахад маш сайн туслагч болдог. Мөн ширээний теннис тоглох сонирхолтой. Хүүхэд байхдаа боксоор хичээллэдэг байлаа.  

-Төрж, өссөн нутагтаа ажиллаж, амьдрахын сайхныг олон ч зүйлээс мэдэрдэг байх?

 Би Баруун-Урт сумын  унаган хүүхэд. Уртын голынхоо хажууд үе тэнгийнхэнтэйгээ чулуун байлдаан хийж, чавх, тэвэг тоглож өссөн. Нэлээд салхигүй хүүхэд байлаа. Манай Уртын гол нарийхан горхи ч гэсэн гантай, халуун жил ширгэж тасарч үзээгүй.  Айлын ганц хүү. Ээж, дүү маань намайг хоёр настай байхад бурхан болсон гэсэн. Эмээ, аавтайгаа өссөн. Аав маань тээврийн тэрэгний жолооч байлаа. Өссөн, төрсөн нутагтаа ажиллаж, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулаад явж байх сайхан шүү дээ. Би ч их нутаг амьтай хүн.  Өнгөрсөн түүхээ, өнгөрсөн үеэ битгий март, бүү муул, хэн байснаа байнга санаж байх хэрэгтэй гэж боддог.  Тийм ч учраас “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш” гэж байхгүй гэж хэлэх дуртай.

-Амьдралын утга учир, амжилтын тулгуур багана таны гэр бүлтэй танилцмаар байна?  

 Ам бүл зургуулаа. Гурван охин, нэг хүүтэй. Охин маань оюутан бусад нь арван жилийн сурагчид. Миний ханийг Г.Урансайхан гэдэг. Өрхийн эмнэлэгт туслах сувилагч хийдэг. Их сайхан дөлгөөн, тайван, үзэсгэлэнтэй бүсгүй. Хань минь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 17 дахь жилдээ ажиллаж байгаа. 

-Онцгой байдлын албанаас  ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ?

 Манай алба чинь шалгуур өндөртэй, хариуцлага, ёс зүйг шаарддаг. Гэхдээ өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн асар их хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, энэрэнгүй сэтгэлийг хүнд бий болгодог сайхан алба. Алдаа гаргадаггүй өөгүй хүн гэж байдаггүй. Ажлын ачаалал, хүний үг даадаг ноён нуруутай явахад энэ алба бахархмаар сайхан гэж хэлмээр байна. Энэ дашрамд, сэтгэл, зүрхээ Онцгой байдлын байгууллагад зориулсан мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдэс нэгт нөхдөдөө ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(112.72.15.198) 2022 оны 09 сарын 23

хайрыг хүснэ онц сонирхолтой ном мир ном багшийн дээдийн интерном 4р дэлгүүрийн хажуугийн метромаллын альфа номд худалдаалагдаж бн хамгийн хямд ном

0  |  0
Top