Хүнсний хямралын үед ЕХ жилд 153 сая тонн хоол хаяж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Европын Холбоо жилд 153 сая тонн хоол, хүнс хаяж байгаа ба хаягдаж буй улаан буудайн хэмжээ Украины үр тарианы экспортын хэмжээний тал хувийг эзэлж байна гэж “FeedBackEU” байгууллагын тайланд дурджээ.

Судалгааг Украины хямралаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж буй үед НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлэл дээр тулгуурлан явуулжээ. Хүнсний зохистой бус хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь ЕХ-ны нутаг дэвсгэр дэх хүлэмжийн хийн ялгарлын зургаан хувийн шалтгаан нь болж байна. Европын Холбооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний 20 орчим хувь устгалд ордог болохыг судалгаагаар тогтоожээ.

“FeedBackEU” байгууллагын захирал Франк Мехилсений хэлснээр, хүнсний бүтэгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байгаа энэ үед ЕХ импортолж байгаагаасаа илүү хэмжээний хоол, хүнс хаяж байгаа нь цочирдом мэдээ юм. Тиймээс ЕХ хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд хоол, хүнсний хаягдлаа бууруулах ёстой гэж тэрбээр зөвлөж байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн хүрээнд ЕХ-ны бүх гишүүн орон хүнсний хог, хаягдлаа бууруулах үүрэг хүлээсэн ч хэрэглээнээс давсан асар их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэвээр байна гэж Европын экологийн товчооны ахлах мэргэжилтэн Петр Барчак онцолжээ.

Top