Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг шинэ байртай боллоо

2022 оны 09 сарын 20

Ард иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 331 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Эрэн хайх, аврах бүлэг”-ийг байгуулсан билээ.

Түүнчлэн хил залгаа хоёр аймгийн зургаан сумын 28,9 мянган иргэнд хүрч үйлчлэх тус “Эрэн хайх, аврах бүлэг”-ийг шинэ байртай болгохоор 2021 онд барилгын шавыг тавьж, ажлыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр “Эрэн хайх, аврах бүлэг” шинэ байрны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон орон нутгийн удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Тус барилгыг орон нутгаас 224,0 сая төгрөг, Онцгой байдлын ерөнхий газраас 70 сая төгрөг гарган нийт 294,0 сая төгрөгийн өртөгөөр барьсан бөгөөд 360 м2 бүхий хоёр давхар, 9 өрөө, гурван автомашины гараж бүхий байгууламж юм.

Сумдад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг ийнхүү үе шаттай авч хэрэгжүүлж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top