Ван И: Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр (2022.08.08) үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийлээ. 

Энэ талаар хоёр орны сайд мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И:

-Монгол Улсад хоёр жилийн дараа дахин айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад улс нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд баярлаж, цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хүчирхэг түншлэлийг бүтээхэд бэлэн байна.

Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя.
 

Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолж байна. 

Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Хятад улс нь Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Түүнчлэн Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна.

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье. Түүнчлэн энэ удаад хоёр тал Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.  Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслүүдийг аль болох эрх хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн.

Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм. Цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний амь насыг хамгаалах, хоёр улсын шууд нислэгийн давтамжийн тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх болно. Мөн Монголын оюутнууд Хятадад хичээлдээ орохыг дэмжиж байна. Хоёр улсын залуусын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа.

Талууд хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж буй "Даян дэлхийн хөгжил" хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын хандлагыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. Азийн бүх улс орнуудын хөгжил дэвшлийг хамтран дэмжье" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(199.7.159.38) 2022 оны 08 сарын 09

Zuitei ajil xeregch ailchlal bolson bna. Manai tur zasag togtvortoi bx n chuxal bna!

0  |  0
Зальт шар(202.126.88.175) 2022 оны 08 сарын 09

Сайхан цаасан малгай өмсүүлж байх чинь, энэ зальт шар

1  |  0
Top