БАЯН-ӨЛГИЙ: Асрамжийн газрын барилгыг ирэх сард ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Баян-Өлгий аймгийн Засаг дарга энэ долоо хоногт /2022.08.04/ "Эм Си Жи Би" ХХК-ний захирал Е.Гылымханы хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа аймгийн Асрамжийн газрын шинэ барилгын явцтай биечлэн очиж танилцлаа.

Тус аймгийн Асрамжийн газрын барилга ашиглалтын шаардлага хангахааргүй болсон тул зайлшгүй шинэ барилга барьж байгаа юм. Өмнө нь 2014 онд 400 сая гаруй төсөвт өртгөөр баригдах боломжтой байсан ч гүйцэтгэгч компаниуд үнийн өсөлт нэрийдлээр барилгыг дутуу барьж орхисон байдаг.

Иймд Хөдөлмөр Нийгэм хамгааллын дэд сайд С.Зулпхарын дэмжлэгээр энэ жил Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр барилгыг дуусгаж удахгүй ашиглалтад оруулахаар болсон билээ.

Асрамжийн газарт зорин ирсэн хэнд ч болов гэр оронд нь буй мэт тохилог орчинг бүрдүүлэхийг зорьж байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) тус барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, одоогийн байдлаар тус объектын доторх тавилгууд болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, холбогдох ажил хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын эхээр иж бүрэн тохижуулсан Асарамжийн газрын барилгыг ашиглалтад оруулахыг Засаг дарга онцоллоо.

Асрамжийн газрын өрөө бүхэн босоо душ, суултуур, угаагууртай, зөөлөн матрастай ор, шүүгээтэйгээс гадна гүйлтийн зам, теннисийн ширээ, фитнес дугуй гэх мэт спортын хэрэгсэл байршуулж байна.

Мөн тохилог гал тогоо, амарч, ярилцаж суух амралтын өрөө тасалгаа зэрэг асруулагчдад хэрэгцээтэй, тохь тухтай бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Тус барилга нь нэгдсэн халаалтад холбогдсон, барилгын үүд хэсэгт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг стандартын дагуу хийсэн байна. Өнөөдөр асрамжийн газарт 14 хүн байнга асруулдаг бөгөөд шинэ барилгатай болсноор ахмад настнууд тохилог орчинд тав тухтай үйлчилгээ авах боломж бүрдэхээс гадна 20 хүнийг асрах боломжтой болох юм.

Тус Асрамжийн газарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа Айнагүл баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Энэ шинэ байранд орохыг Асрамжийн газарт асруулагчид болон ажилчид бид тэсэн ядан хүлээж байна. Асаргаа, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд бидний ажиллах нөхцөл сайжирч, асруулагчид маань сэтгэл тэнэгэр амьдрах болно. Аймгийн Засаг даргад маш их баярлалаа” гэв.

Энэхүү Асрамжийг газрыг шинэ барилгатай болгох ажил нь аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top